2021-03-03 178

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордны өрөөнд шигдэхээс илүүтэй олон нийтийн дунд ажилладаг байхаа мэдэгдэж, өглөө бүрийг салбар, салбарынхны уулзалтаар эхлүүлэх жишиг тогтоохоор ажиллаад сар гаруйн хугацаа өнгөрөв. Хамгийн эхэнд УОК-ийн шуурхай штабаар орж, халдвар хамгааллын дэглэмийг баримталж, өөрсдөөрөө үлгэрлэхийн анхааруулж, хатуухан үг чулуудсан. Түүнээс хойш хэд хэдэн салбарынхантай уулзаж, өнөөх чихэр шиг бус давс шиг шорвог үгээ хэлж байв.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эсрэгээрээ байгаль орчны салбарынхнаас олон шорвог үг сонсч, чихэрлэг үг хэлэв. Цар тахалд хамгийн их нэрвэгдсэн салбар нь аялал жуулчлал. 2019 онд 577.300 жуулчин ирж, энэ салбар 607 сая төгрөгийн орлого олж байсан бол 2020 онд салбарын орлого 65.8 хувиар буурчээ.  Тиймээс “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд”-ын хөтөлбөрт аялал жуулчлалын салбарынханд тусгайлан хөрөнгө тусгаж, зээлд хамруулахад хөнгөлөлт үзүүлэх, шалгуурыг бууруулах хүсэлт гаргав. Тэр бүү хэл, хөтөлбөрийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, ганц энэ салбарт 140 тэрбум төгрөгийг тусгайлан тавьж өгөх, НӨАТ-аас чөлөөлөхийг хүссэн юм.

Ийнхүү гүйцэтгэх засаглалын тэргүүнд бэрхшээлээ тоочиж, хүсэлтээ илэрхийлсэн аялал жуулчлалын салбарынхан “Өглөөний уулзалт”-ын үеэр шинэ сайддаа талархалтай байгаагаа илэрхийлээд амжив. Үе үеийн сайд нарыг бодвол Н.Уртнасан сайд салбарынхантайгаа илүү ойр тавьж, цар тахлыг бэрхшээл гэхээсээ боломж болгон ашиглах талыг баримталж, гарц, гармыг эрэлхийлж байгаа нь салбарынхнаасаа хүндлэл хүлээхэд нөлөөлсөн бололтой.

Н.Уртнасангийн тухайд улс төрд шинэ хүн тул салбартайгаа танилцаад сарын хугацаа өнгөрнө хэмээн олон хүн шүүмжилж байсан нь нууц биш. Тэгвэл тэрбээр ажлаа авсан даруйдаа ажилдаа ханцуй шамлан орж, салбарынхантайгаа хэд хэдэн удаа уулзаж, санал бодлыг нь сонсч, бэрхшээлийг шийдвэрлэх субьектүүдтэй нүүр тулжээ. Ингэхдээ зовлон тоочихоос илүүтэй гарц, шийдлийг эрэлхийлж, эрх бүхий хүмүүсээс амлалт авч чадсан нь ийнхүү алга ташилт хүлээх хэмжээнд хүргэсэн байж мэднэ. Тухайлбал, аялал жуулчлалын салбарт нэн тэргүүнд шаардлагатай байгаа ч цар тахлын үед хамгийн хүнд цохилтыг хүлээсэн Зам тээврийн яам, бүх авиа компаниудтай уулзалт хийжээ. Уулзалтын үр дүнд нислэгүүдийг нэмэх бололцоог хангах амлалтыг Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтарын амнаас унагааж дөнгөсөн аж.

Нөгөөтэйгүүр, үндэснийхээ зоогийг дэлхийн хэмжээнд хүргэх зорилт тавьж байгаагаа илэрхийлж, арга хэмжээнд цагаан, улаан, ногоон, шар идээ, цай унд гэсэн 5 төрлийн 40 бүтээгдэхүүн дэлгэж, салбарын мэргэжилтнүүд асуудал бэрхшээлийг тоочихоосоо илүүтэй тулгарсан хүндрэл, гарах гарц бүрийг богино хугацаанд товч байдлаар ойлгомжтой тайлбарлах байдлаар зохион байгуулсан нь Ерөнхий сайд болон кабинетийн 5 гишүүнд таалагдав. Ямартай ч бусад салбарынханд үлгэрлэл болохуйц уулзалт боллоо хэмээн Л.Оюун-Эрдэнэ сайд тодотгоод амжина билээ.

Үүнээс харвал Н.Уртнасан сайд уран нүүдэлтэй нэгэн аж. Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл түүнд салбартайгаа танилцах тал дээр хамтран ажиллахаа илэрхийлж байсан удаатай. Тиймээс Н.Уртнасан сайдад бусдыг татах соронзон хүч нуугдаж байдаг бололтой.

Тиймээс салбарынхных нь хэлсэнчлэн  Өвөрмонголчууд шиг хэдэн саяар нь жуулчин хүлээн авах цаг удахгүй ирэх биз ээ.

Холбоотой мэдээ