2020-02-20 240

Төрийн банк өнөөдөр (2020.02.20)-өөс дахин тэтгэврийн зээл олгож эхэлсэн талаараа цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.

Шинэ оны эхэнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийг тэглэх тухай шийдвэр гаргасан. Түүний дагуу Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2020 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр тушаал гаргаж, 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “тэтгэврийн зээл нэмж олгох” асуудлыг зогсоох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг бүх арилжааны банкуудад албан тоотоор мэдэгдсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард иргэдэд хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлдээ “Ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна” гэж мэдэгдсэн юм.

Түүнийг ийнхүү мэдэгдэл хийхийн өмнө Монгол Улсын хэмжээнд 230 мянга гаруй ахмад нийт 700 орчим тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаас авсан бөгөөд нийт тэтгэвэр авагчдын 91.8 хувь нь Хаан банк болон Төрийн банкаар үйлчлүүлдэг гэсэн судалгаа гарсан байв.

Холбоотой мэдээ