2021-03-22 163

Баатарсүрэнгийн Сарнай гэгч бүсгүй  цахим орчинд лайв хийж, шүүгч нарт гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр их хэмжээний мөнгөний залилангийн хэргээр 2019 оноос хойш шүүхэд гомдол гарган заргалдаж байгаа ч 2 жилийн хугацаанд хэрэг нь дандаа Д.Энхцэцэг гэгч ганц шүүгч дээр хуваарилагдан нэг талыг барьсан шийдвэр гаргасаар өнөөдөртэй золгож 8 тэрбум төгрөгөөрөө хохироод байгаа аж. Тэрбээр шударга бус шүүх, шүүгчдээс болж өөртэй нь адилхан хохирч яваа хүмүүс байвал нэгдэхийг уриалж, тэмцлийн хурц хэлбэрт орохоос аргагүй болсноо мэдэгдсэн юм. Түүнийг дэмжсэн,  шударга бус шүүгчдийн хохирогч болсон олон хүн өнөөдөр  Төрийн ордны үүдэнд цугларлаа.

Тэд “хонгилын шүүгчдэд” мөнгө тараадаг, өмгөөлөгч Д.Баасанцогтоос 6,3 сая төгрөг дансаар авсан нь ил болсон, ХУД-ийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэгийн бүрэн эрхийг түтгэлзүүлэн шалгаж өгөхийг шаардсан 48 цагийн хугацаатай шаардлагыг Ерөнхийлөгч Х.Баттулгад өгөхөөр иржээ.

Тэрээр “Шударга бус хонгилын шүүгч нар, тэдний зохион байгуулагч нараас болж миний аав, ээж 30 гаруй жил хөдөлмөрлөж олсон  8 тэрбум орчим төгрөгөөрөө хохироод байна. Аав, ээж хоёр маань 1998 оноос эхлэн цэцгийн бизнес эрхэлж, олон хүнд ажлын байр гаргаж, шударгаар татвараа төлж ажилласан. Гэтэл энэ бүх хөдөлмөрийг шударга ёс тогтоох ёстой хэдхэн хүн үгүй хийж, залилан мэхлэгч нар завшиж байгаад гомдолтой байна” хэмээн ярьж байна.

Түүний хохирсон хэргийг сөхвөл,  тэрээр 2019 оны гуравдугаар сарын 7-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхэд “Флора таур” хэмээх барилгад оруулсан хөрөнгө оруулалтаа шийдүүлэх, иргэн М.Бямбадорж гэгчид залилуулан их хэмжээний мөнгөө алдсан, хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлт гаргажээ. .

Гэтэл энэ хэрэг нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Энхцэцэг гэгчид гурван удаа хуваарилагджээ. ХУД-ийн шүүхэд Д.Энхцэцэг гэдэг хүнээс өөр шүүгч байдаггүй юм уу? Яагаgд ганц энэ шүүгчид “Флора таур” –ын хэргийг хуваарилдаг вэ? гэх мэт олон хардлага байгаа аж.  Хохирогч Б.Сарнай шүүхэд хандан “Нотлох баримтуудыг төрийн захиргааны байгууллагаас гаргуулах, нэхэмжилж буй эд хөрөнгөө битүүмжлүүлэх, шинжээч томилуулах, хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоолгох” зэрэг  хүсэлтүүдийг удаа дараа гаргасан. Гэвч ганц ч удаа  хангаж өгөлгүй, нэг талыг барьсан шийдвэр гаргасаар өнөөдөртэй золгожээ.

Тиймээс Б.Сарнай шүүгч Д.Энхцэцэгээс  татгалзах хүсэлт гаргасан ч Хан-Уул дүүргийн шүүх түүний хүсэлтийг хүлээж авдаггүй. Гэтэл Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүгч энэхүү Д.Энхцэцэг нь хонгилын шүүгчдийн ивээн тэтгэгч гэгддэг болоод байгаа өмгөөлөгч Д.Баасанцогттой холбоотой нь сүүлийн үед ил болсон баримтуудаар нотлогдож эхэлжээ. Өмгөөлөгч Д.Баасанцогтын шүүгчдэд нөлөөлдөг байж болзошгүй мөнгө шилжүүлсэн баримтууд дотор ХУД-ийн шүүгч Д.Энхцэцэгийн нэр, данс хүртэл бүртгэлтэй байна. Тухайлбал, 2020 оны наймдугаар сарын 5-ны өдөр 1.3 сая төгрөг, 2020 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр 5 сая төгрөгийг дансаар авсан баримт нь ил боллоо. Мөн иргэн Б.Сарнайгийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэж буй Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Мөнхбаярт 10 сая төгрөг, Ж.Эрдэнэчимэгт 500 000 төгрөг, Д.Мөнгөнтуулд  ipone 12 promax маркын гар утас тус тус өгсөн нь тодорхой болоод байгаа юм. Тиймээс иргэн Б.Сарнай өөрийгөө хонгилын шүүгчдийн хохирогч болж байна хэмээн үзэж эрх мэдлийнхээ хүрээнд шударга бус шүүгчдийг огцруулахыг Ерөнхийлөгч Х.Баттулгаас  шаардлаа. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдрийг хүртэл шүүгчдийг томилох, чөлөөлөх эрх нь хуулиараа хүчин төгөлдөр хэвээр байгаа юм.

Холбоотой мэдээ