2021-04-21 333

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  энэ сарын 19-нд олон нийтэд хандан мэдэгдэл хийснээс хойш  нийгэм айдас хүйдэст автах болов. Тэрбээр МАН-ыг  тараах  тухай мэдэгдэл хийж, Улсын Дээд шүүхэд хүргүүлснийхээ дараа ЗХЖШ-т очсон нь байдлыг улам ч хурцатгасан  юм. Төрийн тэргүүн аливаа байгууллагын үйл ажиллагаатай  танилцах бүрэн эрхтэй ч энэ талаар албан ёсны мэдээ, мэдээлэл гаргаагүй төдийгүй түүнийг  тойрон хүрээлэгчид битүү хатуу байдлаар мэдээлэл түгээж эхэлсэн нь эрхгүй хар төрүүлсэн. Төрийн тэргүүнийг ийнхүү мэдэгдэл хийхээс өмнө Ерөнхийлөгчийг тойрон хүрээлэгчдийн зүгээс хувьсгал тэмцэлд уриалж, босох тэмцэх талаар ил, далд ярьж эхэлсний учир ийнхүү тайлагдаж эхэлсэн гэхэд болно. 

 Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдэл хийснээс хэдхэн минутын дараа  түүний зөвлөхөөр ажиллаж байсан Г.Уянга “Хувьсгал  эхэллээ”,   “МАН импичмент оруулна, ард түмний уур хилэн улам бадарна… Хувьсгалт үйл явц эргэлтгүй эхэллээ! Ура!” хэмээн  бичиж  сошиал орчинд давалгаалж эхэлсэн нь олон нийтийн тархийг угаах гэсэн ээлжит хар технологио “амилуулсан” явдал болсон юм.   Ерөнхийлөгчийн талынхан энэ мэтээр яахаас ч буцахгүй алхам хийж эхэлснийг Г.Уянга илчилчихэж байгаа юм.  Энэ бол эрх мэдэлд хэт улайрсан Ерөнхийлөгч тойрон хүрээлэгчдээрээ дамжуулан хувьсгал тэмцэлд уриалж эхэлсний эхний баталгаа байв. 

Дараагийн  кейс

 

Томоохон цахим сайтуудыг хакердан  хуурамч хаяг нээж, “МАН-ыг тараах тухай Ерөнхийлөгчийн зарлигийг МАХН-ын дарга Н.Энхбаяр дэмжлээ” гэх зэргээр  пост оруулж, олон нийтийн тархийг угаах зорилготой элдэв нэвтрүүлэг цацаад амжсан.  Энэ халдлагад   өртсөн  ZARIG.MN  сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг “Хамтарч ажиллаач гэж өдөр шөнөгүй шалж гуйлгаад, болохгүй болохоор  “ЗАРИГ ЛАЙВ” гэж хуурамч хаяг нээж ашиглаад бусад руу дайралт хийж байнашд. Женкочид ийм увайгүй, хөгийн” хэмээн бичсэн бол  TOVCH.MN сайтын эрхлэгч Д.Майцэцэг   “Tovch.mn-ын логог дуурайгаад хуурамч Tovch/Товч гэсэн пэйж гарсан байна. Энэ хуурамч пэйжээрээ улс төрийн агуулгатай видео нэвтрүүлэг цацаж байна!  Манай редакцаас Эрүүгийн цагдаагийн цахим гэмт хэрэгтэй тэмцэх газарт өргөдөл гаргасан болно. Энэ “Женкочид” бүүр цагаандаа гараад манайхыг дуурайсан хуурамч пэйжээрээ элдвийн нэвтрүүлэг цацаад элэг авч байна. Бүүр нэг ядарсан хар технологитой юм аа! Одоо бүүр хэд хэдэн пэйжүүдийг хуурамчаар дуурайж байгаа бололтой” хэмээн олон нийтийн сүлжээнд мэдээлсэн юм. 

Ийнхүү хакердан байж нээсэн  цахим сайтуудаараа элдэв жагсаал цуглаан, хувьсгалд уриалсан нэг утга агуулга бүхий нэвтрүүлгийг багагүй хугацаанд нэвтрүүлсэн нь  хэвлэлийн эрх чөлөөнд  шууд халдсан ноцтой үйлдэл болсныг зориуд тэмдэглэе.   Сүүлийн хоёр хоногийн хугацаанд Монгол Улсад өрнөсөн томоохон үйл явдлуудаас хамгийн ноцтой нь Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордонд  мэдэгдэл хийснийхээ дараа ЗХЖШ-руу явсан гэх мэдээлэл байлаа. Харин өчигдөр энэ үйл явдлыг баталгаажуулж ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг олон нийтэд хандан мэдээлэл хийхдээ “Зэвсэгт хүчний үйл ажиллагааг улс төртэй холбож, олон нийтэд сөрөг мэдээ, мэдээлэл цацах нь хууль зөрчиж байгаа үйлдэл бөгөөд улсын батлан хамгаалах чадавхыг бууруулах, төр засаг, зэвсэгт хүчиндээ итгэх иргэд, олон нийтийн итгэлийг алдагдуулах, цаашлаад үндэсний аюулгүй байдал алдагдах, гаднын улс орнуудын өгөөш болох аюултай байдлыг бүрдүүлдэг гэдгийг байнга санах нь зүйтэй” гэсэн атлаа  “Нийгэм, цаг үеийн асуудал нь иргэдийг талцуулж болзошгүй байгаа учир бүх хүн хаана хаанаа бодож, болгоомжилж, Монгол Улсынхаа аюулгүй байдлыг хангах нь юу юунаас илүү чухал юм гэдгийг онцгойлон хэлмээр байна” гэсэн нь анхаарал татна. 

 Түүнчлэн   тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч  Төрийн ордонд мэдэгдэл хийсний дараа ЗХЖШ-т хүрэлцэн ирсэн гэдгийг онцлоод гурван чиглэлээр үүрэг өгсөн гэсэн юм.  

Нэгдүгээрт,  цэргийн албыг сайжруулах асуудлаар бий болсон Ажлын хэсгийн цэргийн анги байгууллагуудын үйл ажиллагааг шалгах, холбогдох шийдвэр гаргах,

 Хоёрдугаарт, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн хойшлогдсон арга хэмжээг хэзээ, ямар хэлбэрээр Covid-19-ийн нөхцөлтэй уялдуулан зохион байгуулах тухай санал солилцсон. 

Гуравдугаарт, Монгол Цэргийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны талаар лавлаж асуусан гэв.  ЗХЖШ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн шууд  удирдлагын байгууллага. Ерөнхийлөгч Х.Баттулгын аливаа үйлдэл хэзээд санамсаргүй эсвэл тохиолдлынх байдаггүй. Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдлээр далайлган нөлөөлөл үзүүлэх зорилгоор төрийн томоохон байгууллагад биечлэн очсон  хоёр дахь тохиолдол энэ болов. Ялгаатай нь түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхтэй эсэхийг шийдэх дунд суудлын хуралдааны өмнө Үндсэн хуулийн Цэцийн байранд  биечлэн очиж байв. Тэгвэл энэ удаад Цэцийн шийдвэр гарсны дараа буюу дахин нэр дэвших боломжгүй гэж үзсэний дараа ЗХЖШ-т биечлэн очив. Энэ үйл явцыг ямар л бол ямар байдлаар тайлбарлаж болно. Гагцхүү  энэ нь төрийн институцын өмнөөс хийсэн үйлдэл учраас анзаарахгүй өнгөрч болохгүй. Товчхондоо, иргэн Х.Баттулга бус Монголын Улсын номер нэг албан тушаалтны хувиар дээрх байгууллагуудад явж очсонд асуудлын гол оршиж байгаа юм. Тэгвэл тэрбээр ийнхүү биечилж очсон нь хэнд, юуг ойлгуулах гэсэн санаархал байв. Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн эрх барьж буй улс төрийн намыг тараахаа  зарлачихаад  ЗХЖШ руу явж очсоны маргааш  Жанжин штабын дарга нь  айж сүрдсэн магадгүй  маш их нервтсэн байдалтайгаар олон нийтэд хандаж байгаагаас үзвэл тэд нөлөөнд автсан байхыг үгүйсгэхгүй.     

Нөгөөтэйгүүр эрх баригч намыг тараахаа зарласан нь Ерөнхийлөгч  ЗХЖШ-д биечилж очих үндэслэл болж  байгаа нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь шууд удирдлагад байдаг цэргийн байгууллагад  сэтгэл сэртхийлгэм олон хэрэг гарч байхад /цэрэг амиа алдсан, цэргийн ангийн дарга цэргээ зодсон, цэргүүд зэвсэглэж зугтсан гм/   эрхэм Ерөнхийлөгч  биеэ хөдөлгөж очих нь бүү хэл  амаа ч  ангайгаагүй. Өөртэй нь хамаарал бүхий  хариуцлагын асуудал үүсэхэд хамраа ч цухуйлгаагүй Ерөнхийлөгч өөрийнх нь амин хувийн эрх ашигт тулахад давхиад оччихож байгааг хэрхэн ойлгох вэ. 

Дэлхийн улс орнууд цар тахалтай тэмцэж буй хүнд хэцүү цагт  Ерөнхийлөгч хүн ард түмнээ эв нэгдэлд уриалан дуудаж, хамтын хүчээр цар тахлыг  даван туулах итгэл төрүүлэх учиртай байв. Харамсалтай нь манай   улсын Ерөнхийлөгчид энэ бол хоёр дахь асуудал бололтой.  Харин амин хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьснаа ийнхүү илчилж,    эрх барьж буй намаа, төрөө тараах санаачилга гаргасан нь Монголын ардчилалд заналхийлсэн үйлдэл болсныг жинхэнэ ардчилагчид дүгнэн дуугарч эхлэв.  Тухайлбал,  Ерөнхийлөгчийг  Төрийн  ордонд мэдэгдэл хийсний дараа хотын дарга асан Э.Бат-Үүл “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцсэн байх ёстой. Ерөнхийлөгч уурлахаараа нам тараадаг Үндсэн хууль, хуульд нийцээгүй жишиг тогтоовол ардчилал устаж байгаа нь тэр” гэсэн бол Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  өчигдөр фэйсбүүк хуудаасаа дамжуулан олон нийтэд хандахдаа   “Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирлээ. Түүнийг угтсан халуурал эрчээ авч байна. Та бид  гол дүрд нь тоглогч хэдийгээ ч  танина. Ер нь энэ талцал, улайрал хэрээс хэтэрлээ. Энэ байдлыг өдөөгчдөд жолоогоо тат, нүдээ нээ, орчны мэдрэмжээ сэрээ, ард иргэдээ бод гэж хэлье. Асуудлыг дарааллаар нь шийдье. Шийдэх боломжтойг  цаг тухайд нь шийдээд явъя. Хуулиар шийдье, хэлэлцэж ярилцаж, нээлттэй шийдвэрлэе, хариуцлагаа ч тооцъё. Монголыг зовоож байгаа цар тахлын аюул, хөнөөл  бид бүгдээс, төр засгаас бодитой үр дүнтэй шуурхай шийдэл нэхэж байна. Энэ чиглэлд бие биедээ тус дэм болж нэгэн сэтгэл  зүтгэлээр хүн бүр хувь нэмрээ оруулж ажиллая. Бид энэ  гайтай өвчний ард гарч чадна. Гэхдээ байж болох гарз хохирлыг хамгийн багаар зөв зохион байгуулалтаар  давах ёстой. Хуультай юм, сонгуулиа ч хийе. Эцсийн эцэст хэн Ерөнхийлөгч байхыг сонгогчид л шийднэ.   Гагцхүү Монгол Улсын, монгол үндэстний нийтлэг эрх ашигт үнэнч байх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлэв.  Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч ардчилалд заналхийлж эхэлснийг даган баясагчид нь д  илчилж эхэлсэн бол  учир  мэдэх  нам нэгтнүүд нь  эсрэг дуугарч эхэллээ. 

 

Холбоотой мэдээ