2021-01-08 230

Нийслэлийн төвийн 6 дүүрэгт ирэх долоо хоногт PCR шинжилгээний иж бүрэн лаборатори үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болов. Тоног төхөөрөмжөө хүлээн авч суурилуулж байгаа талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс зохион байгуулж буй бүсийн онлайн сургалтын үеэр Лабораторийн мэргэжлийн салбар зөвлөлөөс өнөөдөр мэдээллээ.

Arslan.mn

Сургалтыг ДЭМБ-тай хамтран 1 дүгээр сарын 7-9-нд 3 удаагийн бүсчилсэн байдлаар зохион байгуулж байна. Сургалтад  21 аймаг, 9 дүүргийн эрүүл мэндийн газрын дарга, мэргэжилтэн, тархвар болон халдвар судлаач, лабораторийн эмч, мэргэжилтнүүд, өрхийн эмнэлгийн эмч, сувилагч 250 гаруй хүн оролцож байна. Сургалтаар “COVID-19″-ийн халдварын сорьц цуглуулах, тээвэрлэх, халдвар хамгаалал-аюулгүй ажиллагаа, лабораторийн оношилгооны талаар ярилцаж, нийгмийн эрүүл мэнд болон лабораторийн шинжилгээнд суурилсан тандалтын уялдаа холбоо, шинжилгээний сорьц авах талаар мэргэжилтнүүд илтгэл тавьж зөвлөж байна.

Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны байршлын онцлогоос хамааран шинжилгээний сорьцыг орон нутгаас тээвэрлэхэд цаг хугацаа шаардагдаж, тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангах асуудал тулгарч байна. Энэ хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор ЭМЯ, ЗТХЯ-ны сайд нарын баталсан хамтарсан тушаалыг үндэслэн агаарын тээврийн “Аэромонголиа” болон газрын тээврээр “Монгол шуудан” компаниудтай хамтарч ажиллах, сорьц тээвэрлэлтийн ложистикийн талаар ярилаа. Мөн эдгээр байгууллагын төлөөлөгч нарыг оролцуулж холбогдох ажил үүргийн төлөвлөгөөг эрүүл мэндийн байгууллагуудад танилцууллаа.

Сургалтын үеэр шинээр 14 аймагт молекул биологийн лаборатори байгуулах, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх талаар мэдээллээ. Тодруулбал, лабораторийн тоног төхөөрөмжийн эхний захиалгууд энэ сарын 15,16-нд ирэх бөгөөд энэ сарын сүүл гэхэд бүх аймаг PCR шинжилгээний иж бүрэн лабораторитой болох юм. Одоогоор Орхон, Дархан, Ховд, Дорнод, Сэлэнгэ, Дорноговь аймаг болон Замын-Үүд суманд молекул биологийн лабораториуд ажиллаж байна.

Эх сурвалж: ЭМЯ

Холбоотой мэдээ