2021-01-14 113

УИХ-аас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хэлэлцэн баталсан Монгол Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хууль тогтоомжийг нийцүүлэх үүднээс УИХ-ын 2020 оны “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоол гарсан.

Үүний хүрээнд мэргэшсэн, хараат бус, хариуцлагатай шүүх эрх мэдлийн тогтолцоог төгөлдөршүүлэх, иргэдийн шударга шүүхээр хамгаалуулах эрхийг улам бүр баталгаажуулах үүднээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ХЗДХЯ-аас боловсруулж УИХ-д 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлж,  өнөөдөр УИХ-аар эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Ингэхдээ “Шүүхийн багц хууль” хэмээн нэрлэгддэг, одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөж буй Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулсан харилцааг хуулийн хэрэглээ болон тогтвортой байлгах үүднээс төрөлжүүлэн нэгтгэсэн. Өөрөөр хэлбэл 4 хуулиар зохицуулсан харилцааг нэгтгэн 1 хууль болгосон гэж ойлгож болно.  Ингээд тус хуулийн төсөлд тусгагдсан зарчмын гол зохицуулалтуудыг хүргэж байна. 

ҮХНӨ-ийн хүрээнд:

1. Хуульчаас шүүгчийг сонгон шалгаруулах, эрх ашгийг нь хамгаалах чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, бүрэлдэхүүн, томилох журам, тавих шаардлагыг тодорхой болгон тусгаж өгсөн.

Ингэхдээ ҮХНӨ-д нийцүүлэн  ШЕЗ-ийн 10  гишүүний 5-ыг шүүгчид дотроосоо буюу хяналтын шатны шүүхээс 1, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр 2 шүүгчийг бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн чуулганаасаа сонгохоор, бусад 5 гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтыг үндэслэн УИХ-аас томилохоор процессийг тодорхой тусгасан. Түүнчлэн ШЕЗ-ийн гишүүнд тавих шаардлагыг өндөрсгөж, тодорхой болгон тусгасан байгаа. Тухайлбал, ШЕЗ-ийн шүүгч гишүүн нь шүүгчээр 10-аас доошгүй ажилласан, сахилгын шийтгэлгүй байх, бусад гишүүн нь эрх зүйч мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, хууль зүйн өндөр мэргэшилтэй, сүүлийн 5 жил шүүгч, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй байх шаардлагыг тусгасан.

2. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороог бие даан ажиллуулах эрх зүйн орчинг бүрдүүлсэн.

Хуулийн төсөлд Шүүхийн сахилгын хороо 9 гишүүнтэй байхаар, эдгээрийн 4-ийг  шүүгчид дотроосоо буюу хяналтын шатны шүүхээс 1, давж заалдах шатны шүүхээс 2, анхан шатны шүүхээс 1 шүүгчийг бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн чуулганаасаа сонгохоор, бусад 5 гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр  УИХ-аас томилохоор процессийг тодорхой тусгасан. ШСХ-ны гишүүнд тавих шаардлагыг дээр дурдсан ШЕЗ-ийн гишүүдэд тавих шаардлагатай адил байхаар тусгасан.

Өөрөөр хэлбэл ШЕЗ, ШСХ-ны шүүгч биш гишүүдийг сонгон шалгаруулах процесс саяхан болж өнгөрсөн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг сонгон шалгаруулах процесстой адил нээлттэйгээр явагдах юм. Түүнчлэн ШЕЗ, ШСХ-ны дарга, гишүүний бүрэн эрх, хориглох зүйл, хүлээх хариуцлагыг мөн тодорхой тусгаж өгсөн.

3. ҮХНӨ-д тусгасан шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгахдаа анхан болон давж заалдах шатны шүүхийг тойргын зарчмаар байгуулж болохоор тусгалаа. Ингэхдээ иргэний шүүхэд хандах эрхийн баталгааг хангах, шүүхийн үйлчилгээг иргэнд хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн байхыг харгалзан үзэх ёстой гэдэг байдлаар тусгаад байна.

Ийнхүү ҮХНӨ-д нийцүүлэн дээрх 3 зохицуулалтыг энэхүү хуулийн төсөлд тодорхой болгон тусгаснаар мэргэшсэн, ёс зүйтэй, хариуцлагатай шүүх эрх мэдлийн тогтолцоог төгөлдөршүүлж, энэ нь иргэдийн шударга шүүхээр хамгаалуулах эрхийг улам бүр баталгаажуулж өгч байгаа гэж үзэж болно.

Бусад шинэчлэл:

1. Нийт шүүгчийн чуулган 

Монгол Улсын бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн, 4 жил тутам зохион байгуулагдах Нийт шүүгчийн чуулган хуралдаж байх эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн.  Ингэснээрээ шүүгчид маань Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох шүүгч гишүүнийг сонгох, шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналаа хэлэлцэж УДШ-д уламжлах, хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргаан хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмаа батлах, ШЕЗ болон ШСХ-ны үйл ажиллагааны тайланг сонсох зэрэг шүүхийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудаа хэлэлцэн шийдвэрлэж байх юм.

2. Шүүгчийн Хуульчдын холбооны гишүүнчлэлд байх асуудал хэрхэх вэ?

Хуульч нь шүүгчээр томилогдсоноор Хуульчдын холбооны гишүүнчлэлээс түдгэлзэж болох агуулга бүхий зохицуулалтыг  Шүүхийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан бөгөөд үүгээрээ тухайн шүүгчид өөрт нь энэхүү холбооны гишүүнчлэлд байх эсэхээ шийдэх сонголтыг олгож байгаа болно.

3. Шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх талаар:

Хуулиар хамгаалагдсан төрийн болон албаны, хувь хүн, хуулийн этгээдийн нууцад хамаарахаас бусад шүүх хуралдааныг цахимаар болон телевизээр дамжуулж болохоор, мөн шүүх хэрэг, маргааныг хэрхэн шийдвэрлэсэн талаар нууцад хамаарахаас бусад мэдээллийг олон нийтэд мэдээлж байхаар, олон нийтийг мэдээллээр хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тайлбарлах зорилгоор шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх, хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр ойлгомжтой байдлаар бичгээр болон биечлэн тайлбарлаж байхаар, УДШ-ийн шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтэлдэг байх, шүүхийн шийдвэр бичих аргачлалд тавих шаардлага зэргийг хуулийн төсөлд тусгаж өгснөөрөө шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байхад дэвшилттэй чухал алхам болсон гэж ойлгож болно.

4. Шүүгчийг мэргэшүүлэх талаар:

Хэдийгээр шүүгчээр хуульд заасан шалгуур, шаардлагыг хангасан хүнийг томилдог ч шинээр томилогдож байгаа шүүгчийг мэргэшүүлэх асуудалд анхаарах нь зүйтэй гэж үзэн анхан шатны шүүхийн шүүгчээр шинээр томилогдсон шүүгчийг шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд мэргэшүүлэн дадлагажуулах зорилгоор 3 сар хүртэл хугацаагаар мэргэшүүлэх сургалтад заавал хамруулдаг болно. Түүнчлэн давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчээр томилогдсон шүүгчийг өөрийнх нь хүсэлтээр мэргэшүүлэх сургалтад хамруулахаар хуулийн төсөлд тусгасан.

5. Шүүгчийн хариуцлагын талаар:

Хуулийн төслийн амин сүнс гэж хэлж болохоор зохицуулалтын нэг бол таны асуусан шүүгчийн сахилгын зөрчилд хариуцлага хүлээлгэх, ингэснээр шүүгч өндөр ёс зүйтэй байх асуудал юм. Өөрөөр хэлбэл шүүгчид хориглох 40 гаруй зөрчлийг хуулийн төсөлд дэлгэрэнгүй тодорхой тусгаж өгч байгаагаараа онцлог. Энэ нь ч өөрөө Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4-т заасан шүүгчийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр огцруулах агуулга бүхий зохицуулалтад нийцэж байгаа болно. Нөгөөтэйгүүр ийнхүү хориглох, хязгаарлах зохицуулалтыг тодорхой тусгаж өгснөөрөө шүүгчээ хамгаалах агуулга гэж бас ойлгож болно. Түүнчлэн сахилгын шийтгэлийн төрлийг тодорхойлж, үүнтэй холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж тусгалаа. Тухайлбал, огцруулах шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 2 жил, зөрчил гаргаснаас хойш 5 жил өнгөрсөн бол, огцруулахаас бусад сахилгын шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 жил, зөрчил гаргаснаас хойш 2 жил өнгөрсөн бол тус тус сахилгын шийтгэл оногдуулахгүй байхаар зохицуулж өгсөн. Мөн шүүгчид сахилгын хэрэг үүсгэснээр хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоохоор тусгасан байгаа.
Үүгээрээ шүүгч алдаа гаргахаас урьдчилан сэргийлэх, нөгөөтэйгүүр гаргасан  алдаанд хариуцлага хүлээлгэдэг байх зохицуулалт хуульд тодорхой туссэн гэж үзэж болно.

6. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг сайжруулах талаар:

Бид өнөөдөр шүүгч мэргэшсэн, хараат бус, өндөр ёс зүйтэй, хариуцлагатай байх талаар нилээн ярьдаг. Үүнтэй холбоотой олон ч зохицуулалт хуулийн төсөлд тусгалаа олсон. Үүний зэрэгцээ шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдал үүний дотор ялангуяа эдийн засгийн баталгааг давхар сайжруулж байж баланс барих учиртай гэж үзэж байгаа. Өнөөдөр шүүхийн хөрөнгө оруулалтын төсөв сүүлийн 7 жилд зогсонги байдалтай байгаа талаар та бүхэн сонссон байх. Шүүгч нар УИХ-аас тогтоосон 2.7-3.3 сая төгрөгний цалин авдаг. Үүн дээр хуульд заасан шүүгчээр ажилласан 5 дахь жилээс эхлэн 2 хувийн нэмэгдэл авдаг. Өөрөөр хэлбэл шүүгч Төрийн албаны тухай хуульд заасан төрийн тусгай албан хаагчийн авдаг төрийн алба хаасан хугацааны, ажилласан хугацааны, зэрэг дэвийн, албан ажлын онцгой нөхцөлийн, докторын гэх мэт бусад нэмэгдлүүдийг авдаггүй. Иймд төсөлд Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн эдгээр нэмэгдлүүдийг шүүгчид олгож байхаар тусгасан. Мөн шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулсан хууль тогтоомж гаргахыг хориглосон, шүүхийн төсвийн урсгал зардлын хэмжээг төсвийн хэмнэлтээс бусад тохиолдолд өмнөх жилийнхээс бууруулахгүй байх зохицуулалтыг тусгасан.

Түүнчлэн шүүхийн төсвийг боловсруулж батлуулахад баримтлах зарчмыг тодорхой  болгон хуулийн төсөлд тусгалаа.

7. Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн талаар:

Шүүхийн хэрэгцээ, судалгаанд тулгуурлан сургалт зохион байгуулах, шүүн таслах ажиллагааг сургалт, судалгаа, мэдээллээр хангах, Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад шаардагдах судалгаа хийх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал бэлтгэх, шүүхийн шийдвэрийн хураангуйг бэлтгэх, олон нийтэд мэдээлэх зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнг УДШ-ийн дэргэд ажиллуулахаар хуулийн төсөлд тусгалаа.

Түүнчлэн тус хүрээлэнд шүүгч судлаачаар ажиллах боломжийг нээсэн. Өөрөөр хэлбэл  анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг судлаачаар ажиллах боломжийг олгосон зохицуулалтыг тусгаж байгаа ба энэ хугацаанд шүүгчийн цалин хөлсийг хэвээр олгож, мөн шүүгчээр ажилласан тооцохоор тусгасан.

8. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлийн талаар:

Хуулийн төсөлд Үндэсний аюулгүй зөвлөмж гарсан тохиолдолд шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлийг шүүгчийн хараат бус байх зарчим, төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг гажуудуулсан зохицуулалт гэж үзэн хассан. Энэ талаар Олон улсын байгууллагуудаас зөвлөмж ирсээр байгааг дурдах нь зүйтэй.

9. Шүүгчид хөндлөнгөөс нөлөөлөх зохицуулалтын талаар:

Шүүгчийг хөндлөнгийн нөлөөллөөс хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлж байж тэр хирээр түүний хараат бус шударгаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Хуулийн төсөлд энэ талаар дэвшилттэй томоохон алхам бүхий зохицуулалт орсон. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын Ерөнхий прокурор зэрэг албан тушаалтан нь шүүгчтэй албан ажлаар уулзах тохиолдолд тэмдэглэл хөтөлж, тухайн байгууллагын нууцын асуудал хариуцсан албан тушаалтанд өгч байх, түүнчлэн Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсхүл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, УДШ-ийн ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор ийм шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол ШЕЗ нэн даруй хуралдаж ҮХЦ-д хүсэлт гаргуулах саналыг УДШ-ээр уламжлуулан хүргүүлж, шийдвэрлүүлэхээр тусгаад байна.

Холбоотой мэдээ