2021-01-14 133

Соёлын сайд, Академич С.Чулуунтай холбоотой асуудлаар мэдэгдэл гаргалаа

Соёлын сайд, Академич С.Чулуунтай холбоотой соёлын баримтат өвийг хуулбарлан хэвлүүлсэн тухай маргаан өрнөсөөр байгаа билээ. Уг асуудалд Монгол Улсын Үндэсний номын санг хамаатуулан, байгууллагын үндсэн үйл ажиллагааг таслан зогсоохуйц мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр албан ёсны тайлбаргүйгээр цацах болсон тул мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд “Монгол Улсын Үндэсний номын сан нь Монголчуудын оюун санааны үнэт өв болсон соёлын баримтат өвүүдийг хадгалагч байгууллага бөгөөд харьяа яамны зөвшөөрлөөр хэвлэн нийтлүүлж, түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй.

Бид Монгол Улсын Номын сангийн тухай хуульд заасны дагуу тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны зөвшөөрлөөр “Өндөр гэгээний намтар”, “Үйсэн дээрх бичиг” бүтээлийг хэвлүүлснээ эрдэм шинжилгээний онц чухал ач холбогдолтой ажил хийсэн гэж үзэж байна.
Үндэсний номын сан харьяа яамны зөвшөөрөлгүйгээр ховор чухал баримтуудаас нэг ч хуудас хэвлүүлдэггүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.

Үндэсний номын сангийн бүтээл “Үйсэн дээрх бичиг” каталогийг хэвлүүлсэнтэй Соёлын сайд, Академич С.Чулуун огт хамааралгүй бөгөөд цэвэр Үндэсний номын сангаас судалгааны эргэлтэд оруулсан бүтээл болно.

Мөн Соёлын сайд, Академич С.Чулууны анх хэвлүүлсэн гэгдэх “Өндөр гэгээний намтар”-ыг урьд өмнө нь нэрт эрдэмтэн Л.Хүрэлбаатар, БНХАУ-ын Бээжингийн Ардын их сургуулийн профессор н.Оюунбилигтэй хамтран хэвлүүлж байснаас үзэхэд энэ баримт нь эрдэм судалгааны эргэлтэд хэдийнээ орсон болох нь харагдаж байна.

С.Чулуун нь “Өндөр гэгээний намтар”-ыг хэвлүүлэхдээ тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны зөвшөөрөл, нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн гэр музейгээс эрдэмтний өв залгамжлагч А.Цендинагийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр хэвлүүлсэн болохыг мэдэгдье.
100 жилийн түүхтэй Монгол Улсын Үндэсний номын сан бол эрдэм соёлыг түгээн дэлгэрүүлэгч байгууллага бөгөөд шинжлэх ухааны судалгаа эрдмийн ажил хийх зорилготой хүн бүрийн өмнө үүд хаалга нь нээлттэй байдаг.

Номын сан бол эрдэмтэн хэмээгдэгчийн шүлсээ хаях газар биш гэдгийг хатуу анхааруулан, эрдэм шинжилгээ судалгааныхаа тухай оюунлаг мэтгэлцээн өрнүүлэхийг уриалж байна” гэсэн байна.

Холбоотой мэдээ