2021-01-21 137

Засгийн газраа огцруулах бүрэн эрхээ эдэлсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эрх баригч намын даргын хувьд байгуулах шинэ Засгийн газрыг хэрхэн байгуулах нь олон нийтийн хамгийн их анхаарал хандуулах асуудал болоод байна. Учир нь цар тахлын энэ хүнд үед УОК-ын дарга, Эрүүл мэндийн сайдаар хэн ажиллахаас монголчууд коронаг ялах уу, ялагдах уу гэдгийг шийдэх хүндхэн сорилттой тулгараад байна.

Халдвар тархалтын хүрээ хоёр мянга руу дөхөж, нийслэл нь халдварын голомт болсон үед шинэ Ерөнхий сайд хэн болохоос илүү УОК-ыг хэн ахлах, Эрүүл мэндийн сайдаар хэнийг томилох нь шинэ Засгийн газрын амин чухал асуудал юм. Тэр тусмаа ковидын халдвартай нярай эхийг, нялх хүүхэдтэй нь ХӨСҮТ рүү шилжүүлэх явцад гаргасан хүнлэг бус хандлагаас үүдсэн эхчүүд, эмэгтэйчүүдийн тэмцэл УОК-ын дарга , ЭМ-ийн сайдаар хүнлэг, хариуцлагатай бас тулгамдсан үед асуудлыг шийдэх туршлагатай хүн ажиллуулахыг л шаардсан. Алдаа гаргасан дарга, сайд хоёрыг огцруулсан. Хариуцлага тооцсон. Энэ бол алдаа засагдаж, дахин давтагдахгүй гэсэн үг биш юм. Энэ үйл явдлаас бидэнд олон сургамж үлдлээ. Сая гаруй хүн нь амьдардаг нийслэл хот нь халдвартын голомт болсон ийм үед дахиад туршлагагүй, шинэ сайд томилбол бид улсаараа халдварын голомт болох эрсдэлтэй.

Анх дэлхийн олон улс орнууд ташраараа цар тахалд нэрвэгдэн халдвар авагсдын тоо өдөрт хэдэн мянга, саяараа нэмэгдэж байх үед Монголд гаднаас халдвар орж ирсэн. Илрүүлсэн, тусгаарласан, эмчилсэн, эдгээсэн. Тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдрэмжтэй, хатуу ч гэсэн ард түмэнд хэрэгтэй шийдвэрүүдийг цаг алдалгүй зоригтой гаргаж, УИХ, ЗГ-аар дэмжүүлж чадсан тулдаа халдварын ид оргил үед дотооддоо халдвар гаргахгүй барьж, дэлхийд сайн жишиг, туршлагыг тогтоож чадсан. Ядарч байна, хэцүү байна, тийм ч юм байхгүй ийм ч юм дутуу гэж ганц ч удаа дуугарч байгаагүй. Тэр тусмаа эрүүл мэндийн салбарт ажилладаг эмч сувилагч, яамныхаа ажилтан албан хаагчдаа нэг командаар өдөр шөнөгүй 24 цагт бэлэн байдалд ажиллуулах эмэгтэй хүнээс гарамгүй эрч хүчээр манлайлж байсныг нь бид мартах учиргүй.

Монголчууд байтугай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхан үнэлж, олон улсын онлайн хурал зохион байгуулан сайн жишиг туршлагыг нь судалж, дэлхийн улсуудад үүрэг чиглэл болгон өгч байсныг нь бид хүлээн зөвшөөрөх л ёстой. Магтлаа гэж ойлгоно уу, яах нь хүн бүхэнд нээлттэй ч үнэн бодит байдал ийм л байсан нь үнэн билээ. Тиймээс шинэ бүрэлдэх Засгийн газарт ингэж ажиллаж чадах, мэдлэг туршлагатай хүнийг л УОК-ын дарга, Эрүүл мэндийн сайд болох ёстой. Ард түмэн ч Д.Сарангэрэл сайдаар жишиг болгон түүнээс илүү ажиллаж чадахгүй юм аа гэхэд эн зэрэгцэх хүнийг томилохыг шаардах эрхтэй юм шүү.

Одоо бид цар тахалтай тэмцэх бага ч гэсэн мэдлэг, туршлагатай болсон. Алдсан, оносон ч юм бий. Магадгүй байдал цаашид хүндрэхийг ч таашгүй. Тиймээс хэн дуртайг нь, би чадна гэснээр нь шинэ Засгийн газрыг бүрдүүлэхгүй гэдэгт МАН-ын дарга У.Хүрэлсүхэд итгэж болох уу. У.Хүрэлсүх ч энэ хүнд хэцүү цаг үед улс орноо цар тархлын аюулаас хамгаалахын тулд боломжтой бүх талаар хичээж ажилласан. Түүнд ч бас ийм үед салбарын сайдуудынхаа хэн нь хэн бэ, хэрхэн яаж ажиллаж байсныг нь үнэлэх туршлага бий.

Цар тахлын аюул эрсдлээс гадна, эдийн засгийн хүндрэл, бизнес эрхлэгчдийн зогсолт, ард түмний итгэл, ковидыг ялах уу, ялагдах уу гэдгээ шийдэх энэ онцгой цаг үе. Ийм үед эдийн засгаа таван жил зангидсан, төлөвлөсөн, эрсдлийг хамгийн сайн мэдэж байгаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гээд шинэ Засгийн газарт зайлшгүй үлдээх шаардлагатай сайд нар бий. Монголын 3 сая иргэнд хэн Ерөнхий сайд болохоосоо илүүтэй, УОК, Эрүүл мэндийн салбарыг хэн удирдах нь хамгаас чухал байна. Үндсэн хуулийн шинэ заалтаар Ерөнхий сайд өөрийн багаа томилно. Энэ багт гол нь цар тахлын онцгой үед ажилласан туршлагатай, зоригтой шийдвэр гаргах чадвартай, зангарагтай сайдуудаа ч улируулан ажиллуулах боломж бий.

Холбоотой мэдээ