2021-01-22 490

Халдвар тархалтын хүрээ хоёр мянга руу дөхөж, нийслэл нь халдварын голомт болсон үед шинэ Ерөнхий сайд хэн болохоос илүү УОК-ыг хэн ахлах, Эрүүл мэндийн сайдаар хэнийг томилох нь шинэ Засгийн газрын амин чухал асуудал юм. Тэр тусмаа ковидын халдвартай нярай эхийг, нялх хүүхэдтэй нь ХӨСҮТ рүү шилжүүлэх явцад гаргасан хүнлэг бус хандлагаас үүдсэн эхчүүд, эмэгтэйчүүдийн тэмцэл УОК-ын дарга , ЭМ-ийн сайдаар хүнлэг, хариуцлагатай бас тулгамдсан үед асуудлыг шийдэх туршлагатай хүн ажиллуулахыг л шаардсан. Алдаа гаргасан дарга, сайд хоёрыг огцруулсан. Хариуцлага тооцсон.

Ерөнхий сайдаа хүртэл шахаанд оруулж, Засгийн газраа огцрууллаа. Энэ бол алдаа засагдаж, дахин давтагдахгүй гэсэн үг биш юм. Харин ч энэ үйл явдлаас шинээр байгуулагдах Засгийн газар санаа, сургамж авч онцгой үед ажиллаж сурсан хариуцлагатай сайд нараа үлдээгээсэй. Олон сайд нарыг шинэчилж, хөдөлгөх тусам л салбарын тогтвортой үйл ажиллагаа нь алдагдаж, сандал суудлын хэрүүл эхэлнэ. Тиймээс цар тахлын үед дахин байгуулагдах онцгой үеийн Засгийн газар олон сайд битгий солиосой. С.Баяр Ерөнхий сайдаасаа огцорч, Сү.Батболдын Засгийн газраа тэргүүлэхдээ өмнөх сайд нартай нь ажиллаж байсан жишээ ч бий. Анх дэлхийн олон улс орнууд ташраараа цар тахалд нэрвэгдэн халдвар авагсдын тоо өдөрт хэдэн мянга, саяараа нэмэгдэж байх үед Монголд гаднаас халдвар орж ирсэн.

Илрүүлсэн, тусгаарласан, эмчилсэн, эдгээсэн. Тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эмэгтэй хүний нарийн мэдрэмжээр мэдрэмжтэй, хатуу ч гэсэн ард түмэнд хэрэгтэй шийдвэрүүдийг цаг алдалгүй зоригтой гаргаж, УИХ, ЗГ-аар дэмжүүлж чадсан тулдаа Монголын ард түмэн цагаан сар, үгндэсний баяр наадмаа тэмдэглэж чадаагүй ч халдварын ид оргил үед дотооддоо халдвар гаргалгүй саяхныг хүртэл барьж чадсан. Ядарч байна, хэцүү байна, тийм ч юм байхгүй, ийм ч юм дутуу гэж тэр ганц ч удаа дуугарч байгаагүй. Бүгдийг бүтээж, болгож, шийдэж байсан. Яг л ээж нар шиг. Тэр тусмаа эрүүл мэндийн салбарт ажилладаг эмч сувилагч, яамныхаа ажилтан, албан хаагчдаа өдөр шөнөгүй 24 цаг бэлэн байдалд ажиллуулах эмэгтэй хүнээс гарамгүй эрч хүчээр манлайлж байсныг нь бид мартах учиргүй. Энэ эрч хүч, нарийн нямбай зохион байгуулалт, үр дүнгээр нь үнэлбэл тэр УОК-ыг ч удирдах чансаатай туршлагатай сайд.

УОК-ыг эмэгтэй хүн удирдаж яагаад болохгүй гэж. Түүнийг монголчууд байтугай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхан үнэлж, нарийн зохион байгуулалт гүйцэтгэлийг нь сайн туршлага болгож, дэлхийн улсуудад жишээ болгож байсныг нь хүлээн зөвшөөрөх л ёстой. У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нар бүгд түүн шиг сайн ажилласан гэж хэлэхгүй. Зарим нэг нь Засгийн газраа огцох шийдвэр гаргахаас ганцхан өдрийн өмнө хариуцлагагүй ажилласныхаа бурууг хүлээн, өөрсдөө огцрох өргөдлөө өгсөн. Тэд бол алдаа гаргасан, хариуцлагаа хүлээж огцорсон. Харин бусад сайд нарын хувьд олонхийг таних нь байтугай, нэр усыг нь ч мэдэхгүй. Хэдхэн сар ажилласан болохоор таннигдаж ч амжаагүй л байх. Одоо бид цар тахалтай тэмцэх бага ч гэсэн мэдлэг, туршлагатай болсон.

Алдсан, оносон ч юм бий. Магадгүй байдал цаашид хүндрэхийг ч таашгүй. Тиймээс хэн дуртайг нь, би чадна гэснээр нь шинэ Засгийн газрыг бүрдүүлэхгүй гэдэгт МАН-ын дарга У.Хүрэлсүхэд итгэж болох уу. У.Хүрэлсүх ч энэ хүнд хэцүү цаг үед улс орноо цар тархлын аюулаас хамгаалахын тулд боломжтой бүх талаар хичээж ажилласан. Түүнд ч бас ийм үед салбарын сайдуудынхаа хэн нь хэн бэ, хэрхэн яаж ажиллаж байсныг нь үнэлэх туршлага бий. Цар тахлын аюул эрсдлээс гадна, эдийн засгийн хүндрэл, бизнес эрхлэгчдийн зогсолт, ард түмний итгэл, ковидыг ялах уу, ялагдах уу гэдгээ шийдэх энэ онцгой цаг үе. Ийм үед эдийн засгаа таван жил зангидсан, төлөвлөсөн, эрсдлийг хамгийн сайн мэдэж байгаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гээд шинэ Засгийн газарт зайлшгүй үлдээх шаардлагатай сайд нар бий. Тиймээс Засгийн газар цар тахлын онцгой үед ажилласан туршлагатай, зоригтой шийдвэр гаргах чадвартай, зангарагтай сайдуудаа улируулан ажиллуулах боломж бий.

Холбоотой мэдээ