2021-01-26 134

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн далд уурхайн гэрээний хэрэгжилтийг зогсоож магадгүй гэх мэдээлэл саяхан олон улсын хэвлэлүүдээр цацагдсан. ЗГХЭГын дэд дарга Б.Солонго ч уг мэдээллийг батлаж, “Оюутолгой төслийн уурхайн бүтээн байгуулалт Монгол Улсад хэрэгтэй, эдийн засгийн үр өгөөж авчирна гэж харж байгаа ч 2020 оны Оюутолгой төслийн ТЭЗҮ-г шинэчилсэн тодотголын санхүүгийн тооцооллоос харахад үр өгөөж нэлээн буурахаар харагдаж байна. Урьдчилсан байдлаар далд уурхай 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй, цаашлаад 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоог Рио Тинто Монгол Улсын Засгийн газарт өгсөн. Үүнээс үүдээд 2051 он хүртэл хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 4 жил төлөхөөр байна.  40 жил үйл ажиллагаа үйл явууллаа гэхэд дөрөвхөн жилд нь татвар төлнө гэдэг чамлахаар үзүүлэлт.  Монгол Улс ногдол ашиг авахгүй дээр нь татварын орлого буурч байгаа нь энэ төсөл Монгол Улсад үр өгөөжтэй эсэх дээр хөрөнгө оруулагчтай нухацтай ярих асуудал байна гэсэн утгатай албан бичгийг өгсөн” гэх тайлбарыг хийсэн.

Тэгвэл Засгийн газраас томилогдсон Ажлын хэсгийнхэн энэ сарын 28-ны өдөр Рио тинто компанийн удирдлагуудтай хэлэлцээрийн ширээний ард суужээ. Ингэхдээ 1. Дубайн гэрээг бүр мөсөн цуцлах2. 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах  биш бүр мөсөн өөрчилье гэх шаардлагуудыг тавьж, хэрэв дээрх шаардлагуудыг хүлээж авахгүй тохиолдолд Оюутолгойн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахаа илэрхийлсэн байна.

Түүнчлэн Монгол улсын Засгийн газар өчигдөр Оюутолгой компанийн 2029 онд хүртэлх санхүүгийн загварчлалыг хүлээн авчээ. Энэ талаар өнөөдөр Хуульзүйн сайд Х.Нямбаатар УИХ-ын гишүүн С.Ганбаатартай уулзах үеэр мэдэгдлээ. Тэрбээр  “2023 оны нэгдүгээр сард далд уурхай ашиглалтад орж, Оюутолгойн ашиг орлого нь өсөн нэмэгдсээр 2029 онд 29 тэрбум ам.долларын борлуулах хийх тооцоо гарсан. Үүнийхээ 10 тэрбум ам.долларыг үйл ажиллагаандаа зарцуулахаар тусгасан. 

Ажлын хэсгийн зүгээс үлдсэн 19 тэрбум ам.доллароо зээлийн эргэн төлөлт болон бусад хөрөнгө оруулалтаа нөхнө гэх төсөөлөлтэй байсан ч 12 тэрбум ам.долларыг элэгдэл хорогдолд тооцно гэсэн байна. Цаана 6.3 тэрбум ам.доллар үлдэж байгаа ч энэ нь хөрөнгө оруулалтаа нөхөхийн тулд дахин 3 тэрбум ам.долларын зээл авах шаардлагатай гэсэн аймшигтай тоог бидэнд гаргаж өгсөн. Тэгэхээр энэ төсөл Монгол Улсад ашиггүй гэдэг дээр бид санал нийлж байна. Хэрэв бид энэ төслийг цэрэг цагдаагийн хүчээр зогсоовол олон улсын гэрээг зөрчсөн хэрэг болно. Иймд хөндлөнгийн шинжээчээр дүгнэлт гаргуулж, гэрээг цуцлах эрх зүйн үндэслэлээ тодорхойлох шаардлагатай. Хөндлөнгийн шинжээчид удахгүй дүгнэлтээ гаргамагц бид олон улсын уульд нийцүүлэн, гэрээгээ өөрчилнө. Гэрээг шууд өнөөдөр цуцалж болохгүй” гэлээ. 

Одоогийн байдлаар Монгол улсын Засгийн газар Рио тинто компанитай татварын асуудлаар Арбитр дээр шүүхдэлцэж байна. Учир нь 2018 онд Монгол улсын Засгийн газар Оюутолгойд 350 тэрбум төгрөгийн татварын акт тогтоосон. Гэвч  акт тогтоосон шалтгаан нь 2019, 2020 онуудад давтагдсан тул нэмж 650 тэрбум төгрөгийн акт тогтоосныг Рио тинто компани эсэргүүцэж, Арбитрын шүүхэд хандсан юм. Ирэх 2 дугаар сарын 21-нээс өмнө Монгол улсын Засгийн газар татварын акт /нийт 1 их наяд / тогтоосон үндэслэлээ шүүх рүү явуулах аж.

Холбоотой мэдээ