2020-02-29 396

ЭМЯ-ны  COVID 19 вирусийн дэгдэлтийн талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна.


ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхийн 55 оронд дэгдээд байна.  Тухайлбал, Испани, Монако, Шинэ Зеланд, Белорусь, Азербайжан, Нигер зэрэг улсад анхны тохиолдол бүртгэгдлээ. Мөн БНХАУ, Солонгос, Япон зэрэг улсад өвчлөл нэмэгдэж байгаа бөгөөд Солонгосын Дэгү хотод голомтлон гарсан коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байна.

ДЭМБ-ын ерөнхий захирал Терос Адханом коронавирусийн халдвар аюултай, маш ноцтой байдалд орж байна гэдгийг улс орнуудад анхааруулж, мэдэгдсэн. Манай улс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 37 орнуудын Эрүүл мэндийн сайд нар оролцсон теле хурал өчигдөр /2020.02.28/болсон. Энэ хурлын үеэр Монгол Улс авч буй арга хэмжээгээ танилцуулсан бөгөөд хамгаалах хувцас, хэрэгсэл, нэмэлт оношлуур манай улсад хэрэгцээтэй байгаа талаарх мэдээллээ ДЭМБ-т өгсөн. Үүнээс гадна, ДЭМБ-ын зүгээс Covid-19-ийг шинэ аюул, дэлхийн шинжлэх ухаанд мэдэхгүй зүйл маш их байна, тодорхойгүй зүйл маш их байгаа талаар хэлсэн. Иймээс дэлхийн ард түмэн сэтгэл санааны маш их эв нэгдэлтэй байж, энэ өвчний ард гарах учиртайг сануулсан. Хоёрдугаарт, улс орон бүр бэлэн байдлаа хангаж, ажиллах шаардлагатай гэдгийг онцолсон. Мөн өвчлөл гарсан тохиолдолд түүнийг цааш нь тархаахгүй байх тал дээр ажиллахыг анхааруулсан.

Хууч өвчтэй, зүрх, сахар, бөөрний өвчтэй, дархлаа сул, өндөр настай хүмүүс коронавирусийн халдварт өртөх эрсдэлтэй байгаа тул анхаарал маш сайн тавих нь чухал. Эрсдэлтэй бүлэгт орж байгаа хүмүүс олон нийтийн газраас явахгүй байх, эмээ тогтмол уух, сайн унтаж амрах, бухимдахгүй байх, дасгал хөдөлгөөн хийх, давс багатай хоол хүнс хэрэглэх, бие тавгүйрвэл 103 болон харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандах хэрэгтэй.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа: ДЭМБ-ын сүүлийн мэдээгээр, 83 мянга 694 батлагдаж, 2861 нас баралт бүртгэгдэв. Сүүлийн 24 цагийн байдлаар Шинэ Зеланд Азербайжан, Нигер, Нидерланд зэрэг улсад шинээр халдвар бүртгэгдэв. БНХАУ-д 329 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь сүүлийн сарын хугацаанд бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт боллоо. 21 улс орон дотооддоо дэгдэлт байдлаар энэ халдвар тархаж байна. Ялангуяа Солонгост 571 тохиолдол бүртгэгдэж, нийт 2337 тохиолдол, Италид 250 хүн шинээр халдвар авч, нийт тохиолдлын тоо 560-д хүрсэн бол Иранд 104 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 204 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас бараад байна.

Сүүлийн гурван хоногт шинээр халдвар бүртгэгдсэн оронд Covid -19 гаднаас буюу импортлогдож орж ирсэн байгаа. Италиас 24 тохиолдол 14 улсад тархсан бол Иранаас 97 тохиолдол дэлхийн 11 улсад тархаад байгаа ажээ.

ДЭМБ өмнө нь Хятадад тархах эрсдэл өндөр гэж үнэлж байсан бол энэ удаад дэлхий нийтэд тархах эрсдэл “Маш өндөр” гэж үнэлсэн. Монгол Улсын хамаарагддаг Номхон далайн баруун бүс нутаг маш эгзэгтэй түвшинд хүрлээ. Өчигдөр болсон ДЭМБ-ын видео хурлын үеэр одоогийн баримталж буй бодлогоо өөрчилж, есөн гол тэргүүлэх чиглэлээр зөвлөмж гаргаж, танилцуулсан.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал: Дэлхийн 55 улсад халдвар бүртгэгдэж, нийт 85 мянга 220 сэжигтэй тохиолдол илэрч 2923 хүн нас барсан байна.  Эрсдэл ихтэй энэ үед бид үйл ажиллагаагаа улам сайжруулан ажиллаж байна. Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Одоо газардаж буй Туркийн онгоцод буй хүмүүсийг оролцуулахгүйгээр яг одоогийн байдлаар 351 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаад байна.

Эрүүл мэндийн яам, Гадаад хэргийн яамтай хамтраад ОХУ-ын талтай цахим уулзалтыг зохион байгуулсан. Мөн ОХУ-аас түргэвчилсэн оношлуурыг авах, ОХУ-ын эмчилгээ оношлоогооны явцтай танилцах багийн гишүүдийг урьдчилан томилсон. ЭМЯ болон аймаг нийслэлийн газрууд нэмэлтээр тусгаарлах байрыг дахин судалж, өргөтгөж байна.

Ажиглалтад байгаа иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээнд хүндрэл учруулахгүй байх талаар мэдээлж сануулж байгаа. Гэвч иргэдийн зүгээс тусламж үйлчилгээнд хүндрэл учруулах явдал байсаар байна.

Шаардлага гарсан тохиолдолд ариутгал халдваргүйтлийн зөвшөөрөлтэй байгууллагуудыг ашиглана. Одоогийн байдлаар хамтарч ажиллах хүсэлт гаргасан хувийн хэвшлийн байгууллагууд ирж байна. Нэмэлтээр гаргах байруудыг бид судалж байгаад ажиглалт хийх эсэхийг шийднэ.

“Сонгдо” эмнэлэгт өчигдөр /2020.02.28/ сэжигтэй тохиолдол орж ирсэн гэх мэдээлэл авсан. Тус эмнэлэг өвчтөнийг шууд тусгаарласан бөгөөд мөн үйлчилгээ үзүүлсэн орчныг нь бас тусгаарласан. ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг ажиллаад ХӨСҮТ-д тухайн хүнийг тусгаарласан. Одоогоор тухайн иргэний биеийн байдал хэвийн үе ханиалгаж халуураагүй байна.

Жаргалантын аман дах сувилалд байгаа БНСУ-ын Дэгү, Пусан чиглэлээс ирсэн 17 иргэн бий. Дээрх иргэд өчигдөр /2020.02.28/ халуунаа хэмжүүлэхгүй гэсэн зөрчил гаргасан. Бид цагдаагийн байгууллагад мэдээлсэн. Энэ үйл ажиллагаанд бусдыгаа турхирсан иргэнийг олж тогтоосон. Тиймээс тусгаарлалтад байгаа иргэдийг иргэний хариуцлагаа ухамсарлах хэрэгтэйг сануулж байна. Тухайн иргэд иргэний эрх ярихаас илүүтэй хариуцлага гэдгийг ойлгох хэрэгтэй байгаа юм.

Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж байгаа хүмүүсээс тусгай шүршүүр шаардаж, мэргэжлийн эмч нарт үзүүлэхгүй үйлдлүүд гаргаж байгаа иргэд бий. Монголын эмч эмнэлгийн мэргэжилтнүүд тахлын үед, сарсын үед ажиллаж байсан маш өндөр туршлагатай эмч нар байдаг.

Тиймээс өөрт нь болоод ар гэрт нь тусламж үзүүлэх гээд явж байгаа тангараг өргөсөн эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг эсэргүүцэж, доромжлох шаардлага байхгүй. Хэрвээ ийм байдал дахиж гарвал хуулийн дагуу хариуцлага яригдах болно.

Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар: Сүүлийн өдрүүдэд МХЕГ-ын хилийн боомт ачаалалтай ажиллаж байна. Сүүлийн гурван өдөр 219 сэжигтэй тохиолдлыг илрүүлж, ХӨСҮТ болон аймаг орон нутгийн эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш 339 сэжигтэй тохиолдлыг хил дээр илрүүлнээс 295 тохиолдлыг Буянт Ухаа боомтоор илрүүллээ. Зорчигчдод сануулахад голомттой бүс рүү зорчихгүй байх, бусдад эрсдэл учруулахгүй байхыг анхааруулж байна. Жишээ нь хоёрдугаар сарын 27-ны өдөр Нурсалтан Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Монгол Улсын иргэн БНСУ-руу зорчоод Сөүлийн хоёр эмнэлгээр орж, ажлын туршлага судлахаар явсан байсан. Мөн өчигдөр шөнө Алтанбулаг боомтоор БНСУ-аас дамжиж ирсэн иргэдийг хяналтад авсан. Энэ жишээ дээр нь Монгол Улсын дөрвөн иргэн Тайланд руу аялахлаар явсан байгаа юм. Үүнээс харахад иргэд сануулсаар байхад голомттой бүс рүү явах нь эрсдэл үүсгэж байна. Төрийн болон эрүүл мэндийн байгууллагын олон хүмүүсийн ажлыг иргэд хүндэтгэх нь зүйтэй.

Түүнчлэн гуравдугаар сарын 15-наас нүүрсний экспорт эхлэх гэж байгаатай холбогдуулан нүүрсний экспортын тээвэр хийдэг тээвэр жуучлалын байгууллагуудтай уулзаж, онцгой нөхцөлд ажиллах санамж бичиг гаргаж байна. Энэ хүрээнд жолоочийн эрүүл мэнд, аюулгүй байдал чухал байгаа учраас Аймгийн засаг дарга нартай хамтарсан журам гаргаж байна. Зоонозын өвчин судлалын төвтэй хамтран сэжигтэй тохиолдол илэрсэн галт тэргийг цаг тухай бүрт нь ариутгаж байна. Нийтдээ 2700 гаруй чингэлэг, 300 гаруй вагоныг мэргэжлийн байгууллагаар ариутгуулсан. Мөн Улаанбаатар хотод тусгаарласан эмнэлгүүдийг халдвар хамгааллын тал дээр мэргэжлийн байцаагч нар ажиллаж байна. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу зорчигчийн эрүүл мэндийн мэдүүлэгт өөрчлөлт оруулж хуулийн заалт буюу хариуцлагын арга хэмжээг тогтоосон. Ингэснээр эрүүл мэндийн мэдүүлгээ худал бөглөсөн иргэдэд зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцох юм.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Хоёрдугаар сарын 27-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн тохиолдол байна. Тухайлбал, Дорнод аймагт нэг буюу нийтдээ таван тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан. Хоёрдугаар сарын 28-ны өдөр ХӨСҮТ-д таван сэжигтэй тохиолдол тусгаарлагдаж тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийгдэж байна. Өчигдөр ХӨСҮТ-ийн ажиглалтад 34 хүн, “Асралт мед” эмнэлэгт 14 хүн, Сэлэнгэ аймагт дөрвөн хүнийг тусгаарлаж, нийт 52 хүн нэмж ажиглалтад орсон. Замын-Үүдэд тусгаарлагдсан 104 хүний ажиглалтын хугацаа дууссан. Өнөөдрөөс гэр рүүгээ явж байна.

Холбоотой мэдээ