2021-01-28 137
Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг, нийслэлийн баруун бүсийн хэрэглэгчдийг бүтээгдэхүүнээрээ хангадаг “Тавантолгой түлш” ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрт өчигдөр 08.20 цагийн үед үйлдвэрлэлийн осол гарч, хүний амь үрэгдлээ. Тус үйлдвэрт ажилладаг эх сурвалжууд “Баруун бүсийн шахмал түлшний VI үйлдвэрийн хоёрдугаар шугамын нүүрс бутлуурын машинд ажилд ороод удаагүй байсан 22 настай М.А гэдэг залуу хавчуулагдан нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагаас хүмүүс ирж шалгаж байна. Осол юунаас болж гарсныг тэд тогтоох биз. Тухайн ээлжид ажиллаж байсан хүмүүсээс цагдаагийнхан тайлбар авч байгаа” гэсэн мэдээлэл өглөө.
Уг хэргийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн шалгаж буй аж. Тэд “Шалгалт дөнгөж эхэлж байгаа болохоор мэдээлэл өгөх боломжгүй. Хөдөлмөр хамгааллын дүрэм мөрдөөгүйгээс болсон уу, талийгаач архи согтууруулах ундаа хэрэглэсэн үү гэдгийг нарийн шалгаж байж тогтооно. Цогцост задлан шинжилгээ хийхээр ШШҮХ-гийн Шүүх эмнэлэг рүү хүргүүлсэн байгаа” гэв.
Баттай эх сурвалжуудын мэдээлснээр талийгаач М.А энэ сарын 16-нд тус үйлдвэрт холигчоор ажилд орсон юм байна. Тус үйлдвэр ажилчдаа өдөр, шөнө долоо хоногоор ээлжлэн ажиллуулдаг бөгөөд энэ долоо хоногийн шөнийн ээлжид нь талийгаач хуваарилагдсан аж. Улмаар 26-ны 20.00 цагт ээлж солилцсон гэнэ. Энэ үедээ тус үйлдвэрийн холбогдох албан тушаалтнууд хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй гэдгийг тухайн ээлжид ажиллаж байсан хүмүүс өгүүлж байна. Түүнчлэн тухайн ээлжийн ажилчид илүү цагаар ажиллаж, нойр дутуу байсан, нэг нь нойроо сэргээхээр гарах хооронд ийм харамсалтай осол болсон талаар ч хэллээ.
Эх сурвалж. Д.Равжаа

Холбоотой мэдээ