2021-02-01 172

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч байх үед манай намд улсын төсвөөр бариулсан 10 тэрбумын үнэтэй намын байр байдаггүй учраас нэг тамга л булаацалддаг гэж байв. Хэдийгээр тэр намынхныгаа өмөөрч ийн гэсэн ч үнэндээ тэдний тамга тэмдгийн төлөөх тэмцэл ардчиллыг үгүй хийж байна. АН-ынхан ардчиллыг өмчлөх дуртай. Түүгээрээ ч хангалттай цээжээ дэлддэг. Нэг нам үнэмлэхүй засагласан энэ үед сөрөг хүчин дуу хоолойн чанга, байр суурь нь бат бэх байж гэмээнэ Ардчилсан монгол улс оршино. Гэтэл  нэг муу тамганыхаа учрыг ч олж чадахгүй байж түмнийг төлөөлж дуугарах эрх тэдэнд байгаа юу.

АН-ын удирдлагуудын “дайн” өнгөрсөн амралтын өдрүүдэд бүр эрчимжив.  Тамгагүй дарга нь тамгатай даргыгаа найман жилийн хугацаагаар “хөөчихөв”. Нөгөөх нь бас л зүгээр байсангүй, албан тушаалаас нь чөлөөлж, хариуг нь барив. Тодруулбал УИХ-ын гишүүн Ц.Туваан нарын талаас Ардчилсан намын дарга асан С.Эрдэнийг Ардчилсан намын гишүүнээс найман жилийн хугацаанд хассан шийдвэр гаргажээ. Гэвч  С.Эрдэнэ Ардчилсан намын дэд дарга Ц.Тувааныг чөлөөлсөн гэдгээ цахим хуудаснаа мэдээлсэн байх юм.

Ямар гээчийн холион бантан бэ. Аливаа хямрал хамгийн доод цэгтээ хүрч байж сайжирдаг гэдэг үгийг ихэвчлэн эдийн засагчид хэлдэг. Тэгвэл Ардчилсан намд учирч буй засаглалын хямрал намыг хоёр хувааж байж эцэстээ тулах вий.

Холбоотой мэдээ