2021-02-03 460

Хэдхэн хоногийн өмнө 100 хоногийн ажлын үр дүнг тайлагнаж байсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар өнөөдөр албан тушаалдаа үлдэх үү эс үлдэх үү гэх ярианд орчихож. Угтаа Хотын дарга гэдэг өнөөдөр томилоод маргааш нь огцруулдаг хөнгөн алба биш. Нам улстөр харгалзахгүйгээр Төрийн гурван өндөрлөгтэйгөө, Шадар сайдтайгаа гар нийлж хүн амынхаа талаас илүү нь суурьшдаг нийслэлийнхээ өнгө төрхийг тодорхойлох учиртай. МАН-ынхан Д.Сумьяабазарыг УИХ-ын гишүүнээс татгалзуулан байж энэ албан тушаалд томилохдоо хамтдаа дөрөө харшуулна гэж тооцсон нь гарцаагүй. Гэвч дөнгөж гурван сарын дараа сандал суудлыг нь ганхуулна гэх явган яриа хөвөрч эхэлсэн нь юуных вэ.

УОК өчигдөр таван цаг хуралдсаны эцэст хөл хорио тогтоох эсэхээ шийдвэрлэж чадаагүй. Өнөө ч эцсийн шийдвэр гараагүй байна. Учир нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар нийслэлийн сая орчим бизнес эрхлэгчдийг хөл хорионд оруулахгүй гэж Ерөнхий сайд, Шадар сайд хоёртойгоо ана мана үзэлцэж байгаа аж. Ер нь түүний хувьд сүүлийн үед эдийн засагтаа нэлээн анхаарал хандуулж буй. УОК-ын Шуурхай штабын хурал дээр хүртэл “Нийслэлд хөл хорио хэвээр үргэлжилсээр байвал дөрөвдүгээр сарын 1 гэхэд 500 мянган ажлын байр эрсдэлд орох тооцоог салбарын эрдэмтэн, судлаачидтай хамтран гаргасан. Тиймээс хотод эрсдлийн зэргийг тооцож үзээд хөл хориог үе шаттай бууруулан, аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлэх ёстой” гэх байр суурийг ч илэрхийлж байсан. Өөрөөр хэлбэл НОК нийслэлийн бизнес эрхлэгчдээ ажилтай, хоолтой байлгах талаас нь харж байгаа бол УОК эрүүл бхад бүх зүйл болно гэж байгаа юм.

Уг нь дарга нар өөрсдийнхөө амрыг бодвол хатуу хөл хорио тогтоох шиг амар шийдвэр байхгүй. Гэвч хувиараа хөдөлмөр эрхлэгч хэдэн зуун мянган айлын хоолтой, хоолгүй хонох эсэхтэй шууд холбоотой асуудал учир энэ мэт уур амьсгал нэлээд ширүүсч, Д.Сумьяабазарыг НОК-ын дарга байж чадах эсэх асуудал ч хөндөгдөөд эхэлжээ.

Албан тушаалтнуудын хувьд энэ мэт бодлогын өрсөлдөөн байх л үзэгдэл. УОК-ын хүн амаа эрүүл байлгах, НОК-ын гурван сарын турш хорионд байсан бизнесийн хэвийн үйл ажиллагаагаа хэвийн горимд оруулах гэсэн санаануудын аль, аль нь зөв. Гэхдээ үзэл бодол нийлээгүй, нэг зүгт харж чадаагүй гэх шалтгаанаар шалтаглаж, хэн нэгнийхээ албан тушаалд шунаж, “улстөрийн хор” явуулж, увайгүй сандал суудалны хэрүүл болгох вий гэхээс яс хавталзана. Учир нь албан тушаалтнуудын хэрүүлийн дунд ард иргэд хохироод л үлддэг үзэгдэл манайд бүр энгийн мэт болчихоод байна аа…

Б.Ариунзаяа

Холбоотой мэдээ