2021-02-08 2321

Ерөнхийлөгчийн зарлигаар одон медаль хүртээх баярт үйл явдалтай зэрэгцэн өнөөдөр Сүхбаатарын талбай дээр нэгэн харамсалтай үйл явдал боллоо. Тавантолгой – Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажилд оролцож байсан дөнгөж 34 настай, ээж, аав ,эхнэр 2 хүүхэдтэй залуу олон сар цалин хөлсгүй ажиллаж туйлдаад, Ерөнхийлөгчид эсэргүүцлээ илэрхийлж, бусад төмөр замчдынхаа төлөө алтан амиа золиосолжээ. Гэтэл хамгийн сүүлийн мэдээллээр ЭТТ компаниас Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 833 тэрбум төгрөгийн санхүүжилт өгсөн мэдээлэл байна.

Энэ мөнгөөр ажилтнуудынхаа цалинг өгдөггүй байсан юм бол хаашаа, хэний халаасанд орсон нь тодорхойгүй байгаад анхаарал хандуулах цаг болжээ, ҮАБЗ-ийн гишүүд ээ. Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны тавдугаар сард Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км урт төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өөрийн биеэр эхлүүлж байсан. Энэхүү ажилд нийт 3700 орчим хүн, 1352 машин механизм ажиллаж, 3700 орчим хүнийг ажил, орлоготой болгоно хэмээн Ерөнхийлөгч нээлтийн үеэр хэлж байсан юм. Харамсалтай нь өнгөрсөн жил гаруйн хугацаанд энэ төмөр замын ажлыг хийж гүйцэтгэх байгаа компани, ажилчдын зүгээс цалин хөлс, санхүүжилттэй холбоотой асуудлаар хоёр ч удаа хурц хэлбэрээр эсэргүүцлээ илэрхийлж байсан.

Өмнө нь гүйцэтгэгч компанийн захирал санхүүжилт өгөөгүйгээс банкны өр зээлэнд баригдаж цаашид амьдрах аргагүй байгаагаа илэрхийлэн амиа егүүтгэхийг оролдож байсан. Харин энэ удаагийнх ээж аав, эхнэр 2 хүүхэдтэй жирийн нэгэн залуугийн алтан амиар үнэлэгдлээ. Ямар төмөр зам, бүтээн байгуулалтын ажил гэхээрээ хүний амины үнэтэй болсонд Ерөнхийлөгч Х.Баттулга хариулт өгч, хариуцлага хүлээх цаг болжээ. Энэ төмөр замын ажилд мөн Зэвсэгт хүчний 7781 ангийн бие бүрэлдэхүүн цалинтайгаар дайчлагдан ажиллаж байгаа. Жирийн төмөр замчин залуус цалингаа авч чадахгүй байхад тушаалаар үүрэг гүйцэтгэж байгаа цэргүүд ямар байгааг таашгүй. Тиймээс Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замчин-цэргүүдэд анхаарал тавьж байгаа гэж найдаж байна.

Холбоотой мэдээ