2021-03-09 159

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өөрийн сонгогдсон тойрог буюу Баянзүрх дүүргийн иргэд болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санаа бодлыг сонсож, уулзалт зохион байгууллаа. Уулзалт  Баянзүрх дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвд болов. Учир нь Засгийн газраас  эрүүл мэнд, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг баталж, ГУРВАН жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон билээ. Энэхүү цогц төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг нь ЖДҮ-ийн салбарыг дэмжихэд чиглэж байгаа юм. Тухайлбал, Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай ХОЁР ИХ наядын төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн байдаг.

Мөн  Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-ээр тусгасан билээ. Энэхүү төлөвлөгөөнд  жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хэрхэн хамрагдах, тулгамдаж байгаа асуудлаа хэрхэн шийдвэрлэх болон удахгүй батлагдах  журмын талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа  санаа бодлыг сонссон  билээ.

Мөн энэхүү уулзалтад Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хэрэгтэй бүхий л зөвлөгөө мэдээллийг өгөхөөр Баянзүрх Жижиг, дунд үйлдвэрийн газар, татвар  болон халамжийн хэлтэс, “Хаан банк”-ны төлөөлөл, ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийн газрын зээлийн хэлтэс гэх мэт хүмүүс оролцсон юм. Энэ үеэр бизнес эрхлэгчид төсөл хэрхэн бичих, зээлд хэрхэн хамрагдах, бараа бүтээгдэхүүний борлуулалт, ашиг орлогоо хэрхэн нэмэгдүүлэх, НДШ болон татварын тайлан илгээх болон  хөдөлмөрийн гэрээ ажилчинтайгаа  байгуулах  зэрэг бүхий л талын мэдээ мэдээлэл, зөвлөгөөг мэргэжлийн хүмүүс авч байлаа.

Түүнчлэн Бизнес эрхлэгчдийн зүгээс “Төрөөс хэрэгжүүлж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих төлөвлөгөөнд хамрагдмаар байна. Ямар нэгэн төсөл хөтөлбөрт хамрагдахад маш их хүндрэл бэрхшээл тулгардаг. Олон бичиг цаас болон төрийн байгууллагын төлөөлөлтэй уулзах шаардлага гардаг. Маш их зүйл нэхдэг, шаарддаг тул шантраад хаях их байдаг. Ихэвчлэн ийм төрлийн ажил хөөцөлдөхөд мэдээлэл муутайгаас болж, хоцорч, хожимддог байсан” гэдгээ хэлж байв. Харин энэ удаад төрөөс хэрэгжүүлэх  ЦОГЦ төлөвлөгөө буюу Жижиг, дунд үйлдвэрлэгч нартай уулзаж, зовлон бэрхшээл асуудлыг нь сонсож, гарц гаргалгаа хэлж өгч, мэдээллээр хангаж буй УИХ-ын гишүүн Х.Булгантуяад талархаж байгаагаа илэрхийллээ.  Мөн “Анх удаа жижиг, дунд үйлдвэрлэлийн дуу хоолойг сонсож, тэдний төлөө ажиллаж, бодит нөхцөл байдлыг сонсож байгаад баяртай байгаагаа Баянзүрх дүүргийн бизнес эрхлэгчид  хэлж, асар их боломж бололцоо байдаг гэдгийг харлаа, ойлголоо гэж ярьж байв.  

Ихэвчлэн танил, талтай нь зээлд хамрагдаж, боломжийг хүртдэг гэдэг ойлголттой байлаа. Харин өөрсдөө зүтгэж, зөв мэдээлэлтэй байхаас гадна салбартай холбоотой холбогдох хуулиудаа хүртэл мэдэх шаардлагатай байгааг хоёр хоногийн цахим сургалтаар олж авлаа гэдгээ үйлдвэрлэгчид ярьж байлаа. Мэдээлэлтэй, зөв ойлголттой байвал зорьсон ажлынхаа ард гарч болдог юм байна. Заавал өрхийн бизнес эрхлэхээс илүүтэй аж ахуйн нэгж болж, олон хүнийг ажлын байраар хангаж, татвар болон нийгмийн даатгалаа төлж, хариуцлагатай  ажиллах ёстойг  сургалтаар мэдэж авлаа гэв.  Манай улсад Татварын багц хууль шинээр шинэчлэгдэж, аж ахуйн нэгж, үйлдвэрлэгч нарт илүү нээлттэй болсон  гэдгийг өнөө хэр нь мэдэхгүй явжээ” гэж байлаа. Харин зарим аж ахуйн нэгжийн хувьд “Дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүний үнэд тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орсон. Гэтэл ШӨХТГ-аас үнээ нэмж болохгүй гэдэг шаардлагыг тавьж байна. Энэхүү шаардлагыг жижиг, дунд үйлдвэрлэгчид илүүтэй биелүүлж байна. Харин томоохон аж ахуйн нэгж компаниудын үнийн хөөрөгдөлд шалгалт хийсэн мэдээлэл дутмаг  байдаг. Хариуцлага тооцсон эсэхээ  эргэж мэдээлэхгүй байна. Аж ахуйн нэгжүүдийг алагчилж байна  гэдгийг дуулгаж байлаа.  Мөн бүхий л төрлийн бизнес эрхлэгч нарт үйлдвэрийн тоног төхөөрөмж шаардлагатай байдаг. Харин манайд ирж байгаа тоног төхөөрөмж тосолгоогүй ирдэг. Үүнээсээ болоод эвдрэл, гэмтэл ихтэй. Засаж янзлуулахад зардал маш  их гардаг. Тиймээс холбогдох албаны хүмүүс хяналт шалгалтаа сайн хийхийг уулзалтаар дамжуулан уламжилж өгөхийг  УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаас хүсэж байсан юм.

 

Холбоотой мэдээ