2021-03-22 173

Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд болон хуульчдын Үндсэн хуулийн Цэцэд гаргасан өргөдлийг өнөөдөр Цэцийн хуралдаанаар шийднэ. Гэхдээ энэ нь Бага суудлын хуралдаан биш. Харин Цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн санал болгосон “3 гишүүний” хуралдаан юм. Тиймээс хуульчид үүнийг Үндсэн хуульд байхгүй хуралдаан хэмээн эсэргүүцэж буй. Эхнээсээ эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарсан ч Цэц ямар ч байсан өнөөдөр хуралдаж, одоогийн Ерөнхийлөгч Х. Баттулга дахин нэр дэвших нь Үндсэн хууль зөрчих эсэх асуудалд хариулт өгөх юм.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчөлт бүхэлдээ 2020 оны тавдугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн.
Энэ хуулийн 30.2 буюу “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтаар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшвэл Үндсэн хуулийн”… 6 жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтын талаарх хуульчдын байр суурийг хүргэе.

Хуульч О.Мөнхсайхан: Өмнөх болон одоох Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй гэсэн тов тодорхой утга бүхий заалт хүчин төгөлдөр мөрөгдөж эхэлсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний эв нэгдийг илэрхийлэгч байдаг. Харамсалтай нь Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохын тулд тодорхой улс төрийн намын үйл ажиллагаанд хутгалдан ордог, хууль, шүүх эрх мэдлийг энэ эрх ашигтаа янз бүрээр ашигладаг байдлыг болиулахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгч ийг “зөвхөн нэг удаа 6 жилийн хугацаатай сонгох” заалтыг Үндсэн хуульд оруулсан. Тиймээс Үндсэн хууль нэгэнт хүчин төгөлдөр үйлчлээд эхэлсэн учраас өмнө нь болон одоо байгаа хүн Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй гэсэн маш тодорхой заалт хэрэгжиж байгаа.

Хуульч О.Эрдэнэ-Очир: Дахин нэр дэвшиж болно гэж тайлбарлаж байгаа нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэнэ
– Үндсэн хуулиараа Ерөнхийлөгчийг улиран сонгогдохын зөвшөөрөөгүй байхад “Дахин нэр дэвшиж болно” гэж тайлбарлаж байгаа нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэж байна. Хэрэв үүнийг хүлээж авбал үүнтэй холбоотой шийдвэр гаргаж байгаа төр, захиргааны байгууллагууд Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэхээс өөр арга байхгүй.

 

Хуульч Д.Үүрцайх: Үндсэн хуулийн заалт аль нэг албан тушаалтан, хэн нэгэн иргэнд зориулж өөрчлөгдөж, утга агуулга нь гуйвах ёсгүй

– Энэ бол цагаан дээр хараар бичсэн маш тодорхой заалт. Өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдож байгаагүй хүн нэр дэвшинэ гэдэг шаардлагыг “зөвхөн нэг удаа” гэдгээр маш тодорхой тусгасан байгаа. Энэ бол улс оронд, хүн бүхэнд адил үйлчлэх нийтлэг зохицуулалт. Үндсэн хуулийн 30.2 дахь заалт аль нэг албан тушаалтан, хэн нэгэн иргэнд зориулж өөрчлөгдөж, утга агуулга нь гуйвах ёсгүй.

 

Хуульч Б.Мэргэн: Үндсэн хуулийг ёсчилох үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгад хориг тавих эрх нь байсан ч өөрөө хүлээн зөвшөөрсөн.

– Одоо нэгэнт хэрэгжээд эхэлсэн Үндсэн хуулийн энэ заалтаар маргаад хожимдсон. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд тухайн үед Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг, журмын хуультай нь 2025 онос хэрэгжүүлэхээс тусгасан байсныг нааш урагшлуулж 2020 оны тавдугаар сарын 01 болгох хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл одоогийн болон нэг удаа сонгогдсон Ерөнхийлөгч нарт дахин нэр дэвших боломжийг нь олгож ийм заалт оруулсан байсан. Гэтэл тухайн үед З.Энхболд даргын санал санаачлагаар энэ заалтыг бусад заалттай нь хамтад хэрэгжүүлэхээр нааш нь татаж 2020 он болгосон. Одоо ямар ч маргаан үүсгээд нэгэнт хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулиар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгад дахин нэр дэвших эрх байхгүй.

 

Хуульч доктор А.Бямбажаргал: Одооогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх сонгуульд нэр дэвших эрх нь хууль зүйн хувьд хязгаарлагдсан

– Яагаад гэвэл анх 2019 оны 6 дугаар сард УИХ-ын нэр бүхийн 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд өмнө нь Ерөнхийлөгчөөр улиран сонгогдон ажиллаж байсан 2 хүн тухайлбал, Ц.Элбэгдорж Н.Багабанди нар дахин нэр дэвших эрхгүй байдлаар Ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг 2025 оны долдугаар сараас эхлэн дагаж мөрдөхөөр заасан байсан. Энэ тохиолдолд өмнө нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нэгэн бүрэн эрх буюу 4 жил хэрэгжүүлсэн П.Очирбат, Н.Энхбаяр, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нар нэг удаа дахин нэр дэвшиж улиран сонгогдох боломжтой байв. Гэтэл дагаж мөрдөх журмын хуулийн заалтыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Ерөнхийлөгчийг төлөөлөн оролцож байсан З.Энхболдын гаргасан саналаар хассан. Ингэснээр цаашид өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан 5 хүн зөвхөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байсантай холбоотойгоор бүгд нэр дэвших эрх нь хязгаарлагдсан. Нэг үгээр хэлбэл, одоогийн Ерөнхийлөгчийн улиран сонгогдож болох хууль зүйн боломжийг үгүй хийсэн хэрэг. / Өдрийн сонин 2021.02.23/

Хуульчид ийм байр суурьтай байгаа ч Үндсэн хуулийн Цэцийн гишүүд энэхүү маргааныг хэрхэн таслахыг таашгүй. Гэхдээ маргаан үүссэн цагаас хойш бүрэн эрх нь үргэлжилж байгаа Ерөнхийлөгч удаа дараа Цэцийн дарга, гишүүдтэй уулзсан. Энэ нь хараат бус байх ёстой Цэцийн гишүүдэд шахалт нөлөөлөл үзүүлсэн гэж хэвлэлүүд хардаж юм. Тиймээс “дээрээ хөх тэнгэрэээс өөр эзэнгүй” гэгддэг Цэцийн шийдвэр хэрхэн гарахаас Х.Баттулга гэдэг хүний “хувь заяа” шийдэгдэнэ.

Мөн хуульчдын хэлж буйгаар Үндсэн хуулийн зөрчил үүсч, дуусашгүй маргааны үүдийг нээх эсэх нь өнөөдөр Цэцийн гишүүдээс шалтгаална.

 

Холбоотой мэдээ