2020-03-20 400

Тавантолгойн аврагчийн дүрээр 20 оны сонгуулийн пиараа хийх гэсэн биш З.Энхболд мордохын хазгай гэгчээр бүтэлгүйтсээр бүтэн нэрээ хугаслаж дуусах нь.

Нэгэн цагт Ерөнхийлөгч Х.Баттулгын баруун гар нь болж “тэргүүн ноёгтой” хүртлээ хоч нэр зүүж явсан түүнийг улс төрд хэт улайрснаас Ерөнхийлөгч дэргэдээсээ холдуулсан гэдэг. Харин одоо АН-д ахлах зөвлөх нэртэй очсон ч “аврагч” -аар тодрох гэсэн Тавантолгойн асуудал нь өөрийнх нь эсрэг  баримтуудыг дэлгээд байгаа.

Хамгийн сүүлд л гэхэд  “1072 хувьцааны” Наранбаатар З.Энхболдыг УИХ-ын дарга, ЕТГ-ын дарга байхдаа хамаарал бүхий хүмүүсийнхээ “Страто” ХХК болон “Хишиг арвин индустрал” компаниудтай бүлэглэн “Тавантолгой”-д ямар ашиг сонирхлоор хандаж байсныг нотлох  238 хуудас бүхий баримтыг дэлгэж, АТГ-т хүлээлгэн өгснөө мэдэгдсэн.

Үүнээс өмнө З.Энхболд Уул уурхайн сайд Д.Сумьяабазарыг “Эрдэнэс тавантолгойг” хувьчлах гэж байгааг илчлэн нэг хэсэг ноцолдох гэсэн ч өнөөх бөх нь хөдөлж өгөөгүй.

Харин одоо З.Энхболд Тавантолгойн пиардаа тулах бас нэгэн “том” барьцаар МАН-ын генсек Д.Амарбаясгаланг сонгон авчээ.   Магадгүй энэ нь хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулгын хувийн С1 телевизээр З.Энхболдыг  “Эрдэнэс Тавантолгойн” уурхайн амнаас хамгийн хямд үнээр хамгийн сайн чанарын коксжих нүүрсийг авч, угааж баяжуулдаг хятадуудтай хамтарсан “Страто” гэх компанитай холбоотойг нь нотолсон нэвтрүүлэг гарсантай холбоотой бололтой. Учир нь энэ асуудал улс төрийн хүрээнд төдийгүй олон нийтийн дунд маш том дуулиан үүсгэсэн.  Ерөнхийлөгч өөрийнхөө телевизээр З.Энхболдын талаар нэвтрүүлэг гаргаснаараа Ерөнхийлөгчийн ТГ – аас явуулах том шалтгааны нэг нь “Страто”-гийн энэ нууц байсан нь ил боллоо хэмээн ажиглагчид дүгнэсэн.

Гэтэл З.Энхболд Ерөнхийлөгч Х.Баттулгыг биш МАН-ын генсек Л.Амарбаясгаланг онилж, олон нийтэд түүнийг энэ нэвтрүүлэгтэйгээ холбон буруутгахыг оролдож буй. Энэ нь  ЕӨК-тэй муудалцсанаас сөрөг хүчний гесекийг буруутган улстөржүүлж,  нэрээ цэвэр салгах гэсэн оролдлого хэмээн улс төрийн хүрээнд ярилцаж эхэлжээ.

Ямартай ч З.Энхболд хятадуудтай хамтарсан “Страто” компанитай хамааралтай эсэх,  АМНАТ-ын татвар нь хэн нэгэнд үйлчилсэн эсэх, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам анхнаасаа “Страто” компанийн ашиг сонирхол байсан эсэх гээд УИХ-ын дарга, ЕТГ-ын дарга гээд төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа гаргасан шийдвэрүүд нь хэний төлөө байсныг хууль хяналтын шалгалтаар биш юм аа гэхэд цаг хугацаа харуулна.

Харин тэр болтол Зи дарга Тавантолгойг аврах гэсэн биш АН-ынхаа нэр хүндийг алаад дуусах вий дээ. З.Энхболд ЕТГ-ын дарга болсноороо Ерөнхийлөгч Х.Баттулгын ард түмний дунд 65 хувьтай байсан рейтингийг  3 дахин унагачихаад явсныг улстөрийн тоймчид мартаагүй. Харин одоо өндийж ядаж байгаа АН болон намын дарга С.Эрдэнийхээ рейтингийг бас доош татахаас намынхан нь болгоомжилж байна.

Холбоотой мэдээ