2021-05-29 17

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд төрийн дээд одон, медаль гардуулах зарлиг гаргасан. Энэ дагуу Хөдөлмөрийн хүндэт медаль, Цэргийн хүндэт медаль, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Алтангадас одон хүртсэн иргэдийн шагналыг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар гардууллаа.

Шагнал хүртсэн иргэдэд  хандаж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Төрийн хүндэт дээд шагналыг гардан авч байгаа нийслэл, дүүргийн төр, захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид, иргэд та бүхэндээ ажил, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэж, эрүүл энхийг хүсэн ерөөе. Ковидгүй зуны төлөө бид хүчээ нэгтгэн зүтгэж байгаа. Дэлхийн хүн төрөлхтөн цар тахлын өмнө өвдөг сөхөрч байгаа энэ хүнд цаг үед хамтдаа зүтгэж, аюулт өвчний ард гарч эхэлж байна. Та бүхэндээ баяр хүргэж, гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн юм.

Алтангадас одон хүртсэн Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ахмад ажилтан Д.Нацаг “40 гаруй жилийн хөдөлмөрийг минь төр үнэлсэнд маш их баяртай байна. Намайг өдий зэрэгтэй явахад маань тусалж, дэмжиж байдаг ах, дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, үр хүүхдэдээ маш их баярлалаа. Мөн Улсын хоёрдугаар эмнэлгийн хамт олондоо 90 жилийн ойн баярын мэнд хүргэж, ажлын өндөр амжилт, амьдралын сайн сайхныг хүсье” гэсэн юм.

Түүнчлэн УБЗАА-ны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун “Улаанбаатар хотын хог хаягдлын асуудлыг хариуцаж 15 дахь жилдээ ажиллаж байна. Өнөөдөр олон жил ажилласан хүмүүстэй цуг шагнал авахдаа санаа зовж байсан ч залуу хүнд урам өгч байна гэж ойлгож, талархан хүлээж авлаа. Сэтгэгдэл маш өндөр байна” хэмээн ярив.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Холбоотой мэдээ