2021-01-13 513

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн далд уурхайн гэрээний хэрэгжилтийг зогсоож магадгүй гэх мэдээлэл өчигдөр мэдээлэгдсэн. Уг асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоос энэ асуудлаар тайлбар хийжээ.

Тэрбээр “Оюутолгой төслийн уурхайн бүтээн байгуулалт Монгол Улсад хэрэгтэй, эдийн засгийн үр өгөөж авчирна гэж харж байгаа ч 2020 оны Оюутолгой төслийн ТЭЗҮ-г шинэчилсэн тодотголын санхүүгийн тооцооллоос харахад үр өгөөж нэлээн буурахаар харагдаж байна. Урьдчилсан байдлаар далд уурхай 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй, цаашлаад 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоог Рио Тинто Монгол Улсын Засгийн газарт өгсөн. Үүнээс үүдээд 2051 он хүртэл хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 4 жил төлөхөөр байна.
40 жил үйл ажиллагаа үйл явууллаа гэхэд дөрөвхөн жилд нь татвар төлнө гэдэг чамлахаар үзүүлэлт.
Монгол Улс ногдол ашиг авахгүй дээр нь татварын орлого буурч байгаа нь энэ төсөл Монгол Улсад үр өгөөжтэй эсэх дээр хөрөнгө оруулагчтай нухацтай ярих асуудал байна гэсэн утгатай албан бичгийг өгсөн.
Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө хэмээх 2015 онд баталсан баримт бичгийг УИХ-аас хууль тогтоомжид нийцээгүй байна хэмээн үзэж, засаж сайжруулах чиглэлийг өгсөн. Засгийн газар тодорхой шаардлага, саналыг хөрөнгө оруулагч талд тавьж байна, яриа хэлэлцээр үргэлжилж байна.
Оюутолгой төслийг зогсоох хэмжээнд асуудал хурцдахгүй гэж бодож байна.
Засгийн газар Оюутолгой төслийг зогсооно гэсэн байр суурийг илэрхийлээгүй. Гэхдээ эдийн засагт үнэхээр үр өгөөжтэй эсэх талаар хөрөнгө оруулагч талтай зайлшгүй ярих шаардлага үүссэн нь үнэн.
Рио Тинто” компанийн өөрийн боловсруулж өгсөн санал бол манай улсад өгөөж маш багатай байгаа. Төсөл манай улсад ашигтай байхаас гадна татварын орлого хуримтлуулах ёстой.
Далд уурхай ашиглалтад орвол дэлхийд олборлолтоороо 4-т орох хэмжээний том уурхай болно гэсэн хүлээлт бий. Гэвч баялгаа ашиглуулаад өртэй үлдэж байгаа энэ хэлбэрээр нь цаашид урагшуулахад хэцүү.

Төслийн үр өгөөжийг бууруулж байгаа хүчин зүйлийн нэг нь төслийн хөрөнгө оруулалтын зардал. Хөрөнгө оруулалтын зардал өсөх нь Засгийн газарт өгөх ногдол ашгийн хугацааг хойшлуулж байна.

Далд уурхайн хөрөнгө оруулалтын зардал төлөвлөсөн хэмжээнээс 1.4 дахин нэмэгдсэн. Анх төлөвлөсөн зардал нь 5.3 тэрбум ам.доллар байсан ч  төсөвлөсөн хэмжээнээс 30 орчим хувиар нэмэгдэхээр байна.

Компанийн үйл ажиллагаа зээлээр санхүүжүүлдэг.  Төслийн санхүүжилт хэлбэрээр 4.4 тэрбум ам.долларын эх үүсвэрийг хөгжлийн банкууд болон бусад санхүүгийн байгууллагаас бүрдүүлсэн бол  “Туркойз хилл ресурс” хөрөнгө оруулагчдын зээл хэлбэрээр долоон тэрбум орчим ам.доллар босгосон.

Монгол Улсын Засгийн газрын зүгээс менежментийн үйлчилгээний төлбөрийг гүйцэтгэлтэй илүү уялдуулах, зээлийн хүүг бууруулах гэсэн шаардлага тавьсан. Мөн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах саналыг тавиад байна.

Манай авах ашиг хойшилж байгаа нь зардлын хэтрэлттэй холбоотой. Тиймээс яагаад хэтэрсэн бэ гэдгийг тогтоохоор хөндлөнгийн дүгнэлт гаргуулья гэсэн саналыг мөн тавьсан.

Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ын хүрээнд ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэгт Монголын талын хоёр, “Туркойз хилл ресурс”-ын хоёр гишүүн ороод хөндлөнгийн шинжээч томилуулах чиглэлд ажиллаад эхэлсэн. Ойрын зургаан сардаа багтаад дүгнэлт гарна гэсэн хүлээлттэй байна” гэв.

Холбоотой мэдээ