2021-01-25 282
Оросууд жагсаж байна. Энэ явдал олон хүнд эрх чөлөөний үнэ цэн, улс төрийн ёс зүй хариуцлагын талаар эргэцүүлэл төрүүллээ. Эмх замбараагүй байдлын эсрэг төр нь хүч хэрэглэж ямар гамшигтай, эмгэнэлтэй үр дагавар дагуулж байгааг дэлхий нийтээрээ харж сууна. Ичмээр нь Оросын хэвлэлүүд цөөн хүний захиалгат үймээн мэт харуулахыг хичээж байгаа нь юм. Цагдаа нар нь иргэдээ хэрхэн зодож, цус нулимсанд үйж байгааг бид сонирхон харсаар. Нэг хүний үнэмлэхүй дарангуйлал ямар хор уршигтайг харуулсан эмгэнэлт явдал юм даа. Эргээд эргэцүүллийн тухай хэлэхэд “Монголын заяа их” гэдэг үг зүгээр нэг үг төдий биш аж.
Хэдхэн өдрийн өмнө Төв талбайд жагсаал болсон. Жагсаал дээр нэг залуу хувцсаа тайлтал цагдаа нь аргадаад өмсүүлж байлаа. Цагдаагийн ялгаа энэ. Бас төрийн ялгаа байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар нялх биетэй эмэгтэйтэй зохисгүй харьцсан асуудалд хариуцлага хүлээж огцорлоо. Энэ талаар мэдээлэл хийх үедээ У.Хүрэлсүх “Төрийн нүд сэргэг, чих сонор байх ёстой. Ард түмний жагсаал цуглаан болж байгааг далимдуулж улс төрийн үйл ажиллагаа явагдсан. Миний итгэж, найдаж, хамтарч ажилласан Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, улстөржүүлж, санхүүжүүлсэн.
Миний итгэл найдвар алдарч байгаа. Цаашид өдөөн турхирах гэсэн үйл ажиллагаа төлөвлөж байхыг үгүйсгэхгүй. Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн төрийн институт хооронд улс төрийн зүй бус харилцаа үүсэх вий, үүнд нь ард түмэн турхирагдан орох вий, Монгол хүн хохирох вий гэсэн болгоомжлол байна. Дахин долоодугаар сарын 1-н битгий давтагдаасай. Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг байдаг. Ард түмний аюулгүй байдлыг хамгаалах Үндсэн хуульд заасан үүрэгтэй. Харамсалтай нь энэ ажлаа хийж чадахгүй зөвхөн өөрийн сонгуульд зориулсан акц удаа дараа хийж байна. Цаашид ард түмний эрх ашгийг илэрхийлэн хамгаалагч хүн ийм зохисгүй үйлдэл битгий гаргаасай. Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж байна” гээд буусан юм. Энэ үгнээс харахад зөвхөн нэг эмэгтэйтэй зохисгүй харьцсаны төлөө У.Хүрэлсүх огцроогүй юм байна. Харин Монголын нийт ард түмний эв нэгдэл, эрх чөлөөний төлөө огцорсон болж таарлаа. Хэрэв Засгийн газар огцроогүй бол, жагсаал цуглаан үймээн самуун болж хувирсан бол бид магадгүй Оросын нэг адил зовлон дунд тийчилж мэдэх байжээ.

Холбоотой мэдээ