2021-01-28 304

УИХ-ын өчигдрийн хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилох эсэхийг хэлэлцэж, нийт гишүүдийн 87,9 хувийн саналаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилсон. Тэрбээр Ерөнхий сайдаар томилогдох үедээ Оюутолгойн төслийн талаар юу ярьсныг түүвэрлэн хүргэж байна.

 

-Оюутолгой төслийн хэлэлцээр амаргүй хүнд нөхцөлд үргэлжилж байна. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувьд Дубайн гэрээг өөрчлөх хатуу үүрэг өгсөн. Нэг жилийн хугацаанд амаргүй сорилтын хугацаанд ажлын хэсэг ажилласан. Үр дүн гартал улстөржилт явагдсан.

 

-АН-ынхан Дубайн гэрээний талаар Ч.Сайханбилэгээсээ асуумаар байна. Яагаад Ерөнхий сайд байхдаа эрх мэдлээ хэтрүүлж захирамж гаргасан юм бэ, яагаад гэрээнд 11 зүйл заалт өөрчилж, ногдол ашиг, татвар авахааргүй болгосон юм бэ. Яагаад өөрсдөдөө зориулж Өршөөлийн хууль баталж, Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авах эрхээ хувийн компанид шилжүүлсэн юм бэ гэдгийг асуу. Өнгөрсөн жилийн хугацаанд энэ бүх завхралыг засахыг хичээсэн.

 

-Засгийн газар маргаан дагуулдаг асуудлуудын талаар тухайлбал, Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой мэдээллүүдийг тогтмол гаргаж байна. Учир нь бид нэг ойлголттой байх ёстой.

 

-Дубайн гэрээг цуцлах санал өгсөн. Гэрээг шийдэхдээ маш олон газруудаас санхүүжилт босгосон учраас энд асуудал хөндөгдөх болгонд тэнд байгаа татвар төлөгчдийн эрх яригддаг.

 

-Оюутолгой гэрээг сайжруулахтай холбоотой асуудлаар Н.Алтанхуягийн Засгийн газар хамгийн сайн ажилласан.

 

-Гэвч тухайн үеийн эдийн засгийн байдлаас болоод хөрөнгө оруулагч талын тавьсан саналуудыг хүлээн зөвшөөрсөн. Үүнээс болж, зардал хэтрэх болгонд ногдол ашиг авах хугацаа хойшлох үндэслэл үүссэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. Засгийн газрын зүгээс гэрээ биш гэж үзэж байгаа.

 

-Оюутолгойн ажлын хэсгийн зарим нэг бичиг баримтууд алдагдсан. Үүнийг  Нийслэлийн Прокуророос гаргасан гэж миний хувьд үзэж байгаа. Тэр хүнтэй хатуухан хариуцлага ярина.

 

-Оюутолгойн ажлын хэсэг нэг жилийн хугацаанд 2051 онд хүртэл ногдол ашиг авахгүй байх, зардал хэтрэх болгонд бидэнд ашиггүй байх тооцоог гаргасан.  ҮАБЗ-ийн хурал дээр яригдаж, УИХ-ын тогтоол гарч байсан. Тэр үед  энэ асуудлыг яриад байгаа хүмүүс эсрэг байр суурьтай байсан шүү гэдгийг сануулъя.

 

-Аливаа нэг байр суурь сонгууль дөхөхөөр өөрчлөгддөг байж болохгүй. Шаардлагатай гэвэл ҮАБЗ-ийн хурлын протоколыг ил болгоно. Үнэхээр Дубайн гэрээг цуцлах шаардлагатай гэж үзэж байгаа бол Засгийн газартайгаа хамтарч ажиллаарай. Улс төрийн өнгөц шоу хийх гэж байгаа бол энэ өөр асуудал.

 

-Оюутолгойн гэрээний ажлын хэсгийг ахалж байсны хувьд хэлэхэд Оюутолгойн гэрээнүүдтэй бүрэн танилцсан хүн бараг байдаггүй юм билээ. Зааны үлгэр шиг яриад л байдаг. Томоохон алхамууд хийгдсэн. Анх удаа Арбитрын маргаан үүсгэлээ. Хэд хэдэн асуудал манай талд шийдэгдэхээр байгаа.

 

-Цаашид Засгийн газарт ажиллаж байсан хүмүүс Оюутолгойд ажилладаг явдлыг бодох ёстой. Хамгийн их мэдээлэлтэй хүмүүс нь тэнд ажиллаад байх нь зохисгүй.

-Бид дэлхийн компанитай дэлхийн төвшинд тоглохоос өөр гарцгүй.

 

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газраас Оюутолгойн талаар байнга асуудаг хэдхэн гишүүн байсан. Х.Болорчулуун, С.Даваасүрэн гээд. Бусад гишүүд надтай ганц ч уулзаагүй. Гэтэл Дубайн гэрээг цуцлах мэдэгдэл өгсний маргаашаас эхлээд Оюутолгойд хайртай хүмүүс гэнэт нэмэгдсэн. Ийм байдлаар цаашид ажиллаж болохгүй гэж бодож байна. Ганц Оюутолгойн асуудалд биш.

 

-Монголд Оюутолгойн талаар хамгийн их мэдээлэлтэй хүн нь магадгүй би байх.

 

-10-хан жилийн дараа нүүрс үнс болно. Тиймээс энэ хугацаанд амжиж МУ-ыг өөд нь татах уу гэдэг дээр өдөржин шөнөжин ажиллах ёстой үе ирээд байна. Бодит үнэнийг ярина.

 

– Эдийн засгийн томоохон зорилтуудаасаа ухарч болохгүй.

 

-Оюутолгойн ажлын хэсэгт АН болон Ерөнхийлөгчийн Тамгын газрынхнаас урьж байна. Бид дэлхийн компанитай дэлхийн төвшинд тоглох учир ойлголт нэг байх ёстой.

Холбоотой мэдээ