2021-01-29 340

Үзэл бодол

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас ялангуяа залуучууд ихийг хүлээж буй. Тиймдээ ч сайд нарын томилгооноос нь эхлээд ач холбогдол өгч, цахимд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байна. УИХ дээр хэлсэн Оюутолгойн байр суурийг сонсоод гайгүй ажиллах нь гэх итгэл төрж байсан ч зарим томилгоо нь ихийг хүлээх хэрэггүй гэдгийг харууллаа.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Ц.Нямдоржийг томилохыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжчихэв. Яагаад? Өнөөгийн улстөрд энэ хүнийг гүйцэх туршлагатай хүн хайя гээд ч байхгүй. Гэхдээ туршлагатай, олон жил улс төрийн тогоонд “чанагдсан” гээд залуучуудынхаа өмнүүр хөндөлдүүлэх нь хэр зохимжтой вэ. Зохимжоос гадна хэр оновчтой вэ. Монголын улс төрд 40 жил хадагдаж яваа энэ хүнээс өөр сонголт МАН-д байхгүй гэж үү. “Ирж яваа цагийн дууг харьж яваа үеийнхэн дуулдаггүй юм” гэдэг дээ. Энэ үгийг Эрдэнэтчүүд ухамсарлаж холбогдсон дуулиан, холион бантангийн явдалд нь дүн тавьж өгсөн. ЗГХЭГ бол Засгийн газрын гал тогоо. Энэ чухал албыг “ирж яваа цаг”-ийнхандаа хариуцуулсан бол гоё харагдах байлаа.

Байгаль орчин аялал жуучлалын сайдад Н.Уртнасанг дэмжжээ. Тэр хэн бэ? Улс төрд Н.Уртнасан гэх нэр төдийлөн дуулдаж байгаагүй 2019 оноос л НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж эхэлсэнтэй холбоотой болов уу. Харин тэр сэтгүүлзүйн салбарт нэртэй. Хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй. Уг нь Ерөнхий чиг үүргийн яамдыг мэргэшсэн хүмүүсээр удирдуулбал салбартаа ээлтэй гэдгийг харуулах жишээ цөөнгүй. Тиймдээ ч энэ чиг үүргийн яамдыг салбартаа мэргэшсэн хүмүүс удирдаж буй. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Батлан хамгаалах яам Г.Сайханбаяр гээд л өмнө нь томилогдож байсан сайдууд улирсан.

Харин Байгаль орчин, аялал жуучлалын сайдыг яагаад солих болов, яагаад Н.Уртнасанг томилох болов гэдэг асуулт хариултгүй байна. Н.Уртнасангийн хувьд өнгөрсөн сонгуулиар УИХ-ын гишүүн Ч.Ундрамын Ерөнхий менежерээр ажилласан. УИХ-ын гишүүн Ч.Ундрам Засаг солигдох дуулианаар Боловсролын сайд болно гэж хэвлэлүүдээр нэлээд бичүүлсэн. Гэвч эсэргүүцэлтэй тулсан учир өөрийн хүнээ сайдад зүтгүүлсэн байхыг ч үгүйсгэхгүй. Нөгөө талаар УИХ-ын эмэгтэй гишүүд саяхан Засгийн газраас суудал “нэхсэн”. Л.Оюун-Эрдэнэ танхимаа байгуулахдаа хүйсийг тэгш байдлыг чухалчлахаа цухуйлгасан нь түүний томилгоонд нөлөөлсөн байх ч талтай.

Соёлын сайдад Ч.Номинг дэмжив. Эрх ашгийн зөрчил биш үү? Засгийн газрын гишүүнээр тэр томилогдлоо гэх сургаар нийгмийн сүлжээнд шинэ сайдын талаар таагүй сэтгэгдэл шууд л хөвөрдөг. Өөрөөр хэлбэл хэдий олонд нэртэй байсан ч Сайд болсон цагаас эхлээд рейтинг нь унадаг. Албан тушаал, алдар нэр нь зэрэг дэвших нь бараг л ховор. Өдрийн од мэт. Соёлын сайдад ‘Монгол ТВ’-ийн захирал Ч.Номинг томилохоор болжээ гэх мэдээллийн дараа нийгмийн уур амьсгал хуваагдсан нь ажиглагдав. Нэг хэсэг нь “Нүүдэлчний соёл, орчин үеийн соёлын чиг хандлага, урлагийн ертөнц, залуусын дуу хоолой, биет болон биет бус соёлын өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд залуу үеийн “ганган” төлөөлөл” хэмээн уухайлан дэмжих нэгэн байхад “Ашиг сонирхлын зөрчил. Эмнэлэгтэй хүнийг ЭМ сайд болгохгүй гэдэг шиг. Хувьдаа телевизийн бизнестэй хүнийг улс төрд оруулж байгаа нь өөрөө зөрчил. Соёлын сайд болох чадамжгүй, өөр салбар мэргэжлийн хүн” гэх хүн ч байна.

Холбоотой мэдээ