2021-02-02 226

Ерөнхий сайд асан Чимэдийн Сайханбилэг болон түүний өмгөөлөгч мэдэгдэл хийлээ.  Учир нь Ч.Сайханбилэг өөрийнх нь эсрэг явуулсан улс төрийн мөрдлөг хавчлагын талаар Цагаан ном бичжээ.

Энэ талаар https://saikhanbileg.com сайтад

“Олон улсын өмгөөллийн баг Ерөнхий сайд асан Чимэдийн Сайханбилэгийг улс төрийн зорилгоор Авторитар дэглэмийн зүгээс хууль бусаар ялласныг илчлэн буруушааж байна.

АНУ-ын нийслэл Вашингтон хот. 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдөр. 2017 онд эрх мэдэлд хүрснээс хойш Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нь Монголын Ардчиллыг нэг хүний засаглалын зүг уруудуулан доройтуулж, Авлигын эсрэг хуулийг зүй бусаар ашиглан өөрийнхөө өрсөлдөгчдийг улс төрийн зорилгоор намнах ажиллагаа явуулж байна гэж “Амстердам энд Партнерс”-ийн Роберт Амстердам шинээр нийтлүүлсэн Цагаан номондоо онцолсон байна.

Энэхүү Цагаан ном нь “Цөлжиж буй Баянбүрд: Чимэдийн Сайханбилэгийн эсрэг явуулсан улс төрийн мөрдлөг хавчлага ба Монголын Ардчиллын ирээдүй” гэсэн гарчигтайгаар шийдвэр гаргагчид болон олон нийтэд зориулан англи, монгол хэл дээр өргөн хүрээнд тараагдахаар хэвлэгдлээ.

Ноён Амстердам нь нэг жилийн өмнөөс Ч.Сайханбилэгийг өмгөөлөхөөр болсон бөгөөд энэхүү Цагаан номны зорилго нь түүнийг 2018 онд баривчлан хорьж, ялласан нь хуулийн ямар ч үндэслэлгүй байсныг зөвхөн батлахаас гадна энэхүү хэрэг нь Х.Баттулгын дэглэм хэрхэн Монголын Шүүх засаглалын хараат бус байдлыг устгахыг оролдсон болохыг тод томруун харуулж байгаа юм.

“Энэ бүхэн Дарангуйлагчийн зүгээс өөрийн өрсөлдөгчдийг нухчин дарах зорилгоор Авлигын эсрэг хуулийг улс төрийн зэвсэг болгон хувиргадаг явдлын сонгодог жишээ юм” гэж Р.Амстердам онцолжээ. “Гэвч хэрэг дээрээ Ерөнхийлөгчийн нэр хүнд унаж, Монгол Улсын эрсдэл улам дээш хөөрөгдсөнөөр энэ бүхэн дуусгавар болж байна. Одоо Баттулга үүнийхээ үр дагавартай нүүр тулах шаардлагатай болжээ.” гэжээ.

Ч.Сайханбилэгийн хэрэг нь дээрх үйл явцыг батлах ганц жишээ нь биш юм гэж Р.Амстердам үзэж байна. Саяхан огцорсон Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нь огцрох үедээ Авлигатай тэмцэх байгууллагуудыг ашиглан гэм зэмгүй хүмүүсийг шоронд хорьсон Ерөнхийлөгч Х.Баттулгад хариуцлага хүлээлгэж, импичмэнт хийх шаардлагатайг онцолсон байна. Түүнийг дэмжиж Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Хишгээгийн Нямбаатар Шүүх засаглалын бие даасан байдлыг хамгаалах хуулийн төслүүдээ эргүүлэн татахыг шаардаж Ерөнхийлөгч удаа дараа түүнийг дарамталж байсныг ил тод зарласан юм.

“Бид энэ Цагаан номоор дамжуулан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон бусад хүмүүсийг хуурамчаар яллах үйл ажиллагааны ардах Монголын шүүх, хууль хяналтын байгууллагуудын алдаа завхралыг анхаарлын голд авчирч байна. Үүнээс гадна АНУ-ын Конгрессийн гишүүд болон Холбооны Улсын холбогдох байгууллагуудын удирдлагыг Ерөнхийлөгч Х.Баттулгын энэхүү сэтгэл түгшээсэн ухралтанд хариу үзүүлж, тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй” гэж ноён Р.Амстердам хэллээ” хэмээн мэдээлжээ.

Холбоотой мэдээ